"Дарын" сургуулийн 24 сурагч ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-05-14 19:39:53

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын "Дарын" цогцолбор сургуулийн 24 сурагч ОХУ-ын их, дээд сургуулиудад тус улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцах эрх авчээ.

Энэ талаар сургуулийн захирал Ш.Самат өнөөдөр болсон "Төгсөлтийн баяр"-ын арга хэмжээний үеэр мэдэгдлээ.

Дээрх сурагчдын 18 нь өнгөрсөн гуравдугаар сард Улаанбаатар хотод зохион байгуулсан ОХУ-ын холбооны төсвийн хөрөнгөөр тус улсын их, дээд сургуулиудад элсэн суралцах горилогчдын дунд явуулсан сонгон шалгаруулалтад орж эрх авсан байна. Харин зургаан сурагч Новосибирск хот дахь ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Улс ардын аж ахуй, төрийн албаны академийн салбар сургууль болох Сибирийн Удирдлагын Институтэд суралцахаар болжээ.

"Дарын" сургууль нь Сибирийн Удирдлагын Институттэй хамтран орос хэлний олимпиадыг өнгөрсөн гуравдугаар сард Өлгий хотноо гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулсан бөгөөд олимпиадаас эхний байрт шалгарсан сурагчдыг ийнхүү тэтгэлгээр суралцах эрхийн бичгээр шагнасан ажээ.

Дашрамд дурдахад, Баян-Өлгий аймгаас ОХУ-ын их, дээд сургуулиудад элсэн суралцах сурагчдын тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа бөгөөд 2018 он гарснаас хойш нийтдээ 40 гаруй сурагч эрхийн бичгээ  аваад байна.  

Ө.Нурболат

 


Холбоотой мэдээ