Хөхөнцөр вирусын эсрэг вакцинаар умайн хүзүүний хорт хавдрыг бууруулах боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2018-05-15 13:30:00
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулахад эрт илрүүлэг,  вакцинжуулалт чухал гэдэгт өнөөдөр болсон зөвлөлдөх уулзалтад оролцогчид санал нэгдэв.

“Монгол Улсад умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулах” чиглэлээр хамтрагч талуудын зөвлөлдөх уулзалтыг Туушин зочид буудалд зохион байгууллаа. Уулзалтад ЭМЯ, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд болон хоёр талт хамтын ажиллагааны хүрээнд хамтран ажиллах ЭСЯ-дын төлөөлөл оролцов. 



Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ, “Монгол Улсын хүн ам 3 саяд хүрч хүн амын өсөлт 2.2 хувиар өссөн. Төрөлт нэмэгдэж, нас баралт буурч байгаа хэдий ч хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг хорт хавдрын өвчлөл сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байна. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны  хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, Засгийн газрын 2017 оны 289 дүгээр тогтоолоор батлагдсан “Халдварт бус өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилт, Монгол Улсад умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулах НҮБ-ын хамтарсан Глобаль хөтөлбөрийг 2018-2021 онд амжилттай хэрэгжүүлснээр эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний чанар, үр дүнг үндэсний хэмжээнд бэхжүүлж, цаашид умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулахад чухал ач холбогдолтой юм” гэв.

2012 онд Монгол Улсад хорт хавдрын 4466 шинэ тохиолдол, 3264 нас баралт бүртгэгдэж байсан бол 2017 онд 6073 шинэ тохиолдол, 4004 нас баралт бүртгэгдсэн байна. Үүнээс эмэгтэйчүүдийн дунд зонхилон тохиолдох хорт хавдрын дунд умайн хүзүүний  хорт хавдрын өвчлөл хоёрдугаар байрт орж байгаа аж.
ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Э.Галбадрах умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн чиглэлээр бэлтгэгдсэн хүний нөөц дутагдалтай байна. Тиймээс эмч нарыг үе шаттай сургах, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд хорт хавдрын тусламж үйлчилгээ, хүний нөөц, лабораторийн хүчин чадлыг сайжруулах, вирусын эсрэг дархлаажуулалтыг нэвтрүүлэх шаардлагатай байгааг хэллээ.

ДЭМБ-аас умайн хүзүүний хорт хавдрыг бууруулахад урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, өвчилсөн үед нь тусламж үйлчилгээ үзүүлэх, чанартай эмчилгээ хийх зэрэг цогц арга хэмжээ авах ёстой гэдгийг суурин төлөөлөгч Сергей Диордица дурьдав.
Умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх эрсдэл нас ахих тусам нэмэгддэг бөгөөд олон хүүхэд төрүүлсэн, дархлаа султай, олон бэлгийн хавьтагчтай бол эрсдэл өндөр байдаг аж. 


 
ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн "Монгол Улсад жилдээ шинээр 400 гаруй умайн хүзүүний хорт хавдар оношлогддог. Үүний 200 гаруй нь эрт үедээ оношлогдож байна. Зонхилон тохиолдож буй умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэг бусад хавдрыг бодвол 50 хувьтай. Тиймээс эрт илрүүлж оношилвол төгсгөл биш юм. Өндөр хөгжилтэй орнууд тухайлбал, Австрали улс хөхөнцөр вирусын эсрэг вакцинжуулалтад хүн амаа хамруулдаг. Уг вакцин хийснээр умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлийн 90 хувийг илрүүлэх боломжтой. 2012 оны үед манай улсад вакцин нэвтрүүлнэ гэхэд иргэдийн зүгээс шүүмжлэлд өртөж байсан. Тиймээс вакцинжуулалтыг эхлэхэд аюулгүй гэдгийг Австрали улсын 10 жилийн туршлагаас харж болно” гэв.
 
Тиймээс вакцинжуулалтын бэлтгэл ажил, сургалт сурталчилгаа хийх, төлөвлөгөө гаргах, үнэ хөрөнгийг тооцон үе шаттай нэвтрүүлнэ. Мөн ДЭМБ болон бусад орны туршлагыг хэрэгжүүлнэ. Өмнө нь Өмнөговь, Сэлэнгэ, Нийслэлийн Баянгол дүүрэгт вакцин нэвтрүүлж байсан. Вакцин бүрэн нэвтрүүлэхийн тулд 9 тэрбум төгрөгийн төсөв шаардлагатай” хэмээн ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга  Д.Нарангэрэл ярив.

ЭМЯ-наас умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийг 70 хувьд хүргэхээр зорьж байгаа аж.
Ж.Болор

Гэрэл зургийг Б.Чадраабал
 
 

Холбоотой мэдээ