“Хасын хүлэгүүд” Лигийн аварга багаар тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-05-15 14:56:48
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын сагсан бөмбөгийн холбоо /МСБХ/-ны Дээд лигийн шигшээ цувралын тав дахь тоглолт даваа гарагт Спортын төв ордонд болж, “Хасын хүлэгүүд” Лигийн аварга багаар тодорлоо.

Цувралыг 3:1-ээр тэргүүлж байсан “Хасын хүлэгүүд” өрсөлдөгч “Авт Төв ургац” багийг 107:104 оноогоор хожиж, ялагч болов. Тус тоглолт сүүлийн 4 дүгээр үед хоёр багийн аль аль нь хожил авахад ойр байв.
ОУХМ Б.Билгүүн, Т.Санчир нарын хувийн алдаа гүйцэж, талбайг чөлөөлсөн ч ОУХМ О.Сэргэлэн, М.Отгонмөнх, С.Өрнүүнбилэг нар тэдний орон зайг амжилттай нөхөж чадлаа. Гурван хожил авсан “Хасын хүлэгүүд” баг давуу байдлаа ашиглаж чадсан юм.

Харин “Төв Ургац”-ийн гол тоглогч Энтони Харрис өмнөх тоглолтоос хөөгдсөн нь тоглолтын үр дүнд нөлөө үзүүлсэн байх. Тоглолтын төгсгөлд “АВТ Төв Ургац” багт тоог тэнцүүлэх боломж гарч холын шидэлтийг хэд хэдэн удаа гүйцэтгэсэн ч амжилтгүй болсноор гурван онооны зөрүүтэй “Хасын Хүлэгүүд” хожиж 50 сая төгрөгийн эзэд болсон юм. Ийнхүү “Хасын хүлэгүүд” баг өнгөрсөн жилийн амжилтаа дахин баталж, лигийн аварга цолыг жил дараалан хүртлээ.

ОУХМ С Б.Билгүүн тоглолтын шилдэг тоглогчоор нэрлэгдлээ. Тэрбээр 25 оноо 5 самбар, 3 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Жөү Рэйд 23 оноо, ОУХМ М.Отгонмөнх 17 оноо, Т.Санчир 16 оноо, 8 самбар авчээ. Харин ялагдал хүлээсэн “Төв  Ургац”-аас ДиАнжело Хамилтон 33 оноо авсан бол довтлогч С. Эрдэнэдалай, Маркус Хэммондс нарын дөрвөн тоглогч 10 дээш оноо авчээ.

Ийнхүү зургаан сарын хугацаанд үргэлжилсэн 19 дэх удаагийн Дээд лиг өндөрлөв. Лигийн тэмцээний хүрэл медалийг “Алдар” спорт хорооны дэргэдэх “Алдар Танан Гарьд”  баг хүртсэн бол мөнгөн медалийг “АВТ Төв Ургац” баг хүртлээ.

"Лигийн шилдэг гадаадын тоглогч" шагналыг “Хасын Хүлэгүүд” багийн америк легионер Жөү Рэйд олгов. “Тэргүүн тоглогч” шагналын эзнээр “Хасын хүлэгүүд” багийн довтлогч ОУХМ Т.Санчир тодорсноор хоёр жил дараалан энэ шагналын эзэн боллоо.

Д.Өлзий
Холбоотой мэдээ