Самбо бөхийн тэмцээнээс медаль хүртсэн тамирчдыг урамшуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-05-15 15:38:57
Архангай /МОНЦАМЭ/. Самбо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид гэсэн гурван насны ангилалаар Улаанбаатар хотод энэ сарын 10-14-ний өдрүүдэд болсон. Тус тэмцээнд Архангай аймгийн долоон тамирчин оролцож, таван алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ.

Эдгээр тамирчдыг аймгийн Засаг дарга хүлээж авч, "Олон улс, тив, дэлхийн зэрэглэлийн тэмцээн, олимпын наадамд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчид урамшуулал олгох журам"-ын дагуу урамшууллыг олголоо. Азийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальтай тамирчинд тус бүр 500,000 төгрөгийн, мөнгөн медальтай тамирчинд 300,000, хүрэл медальтай тамирчинд 200,000 төгрөгийг урамшууллыг аймгийн Засаг дарга гардуулж, цаашдын спортын үйлсэд нь амжилт хүслээ.

Энэ тэмцээнд Архангай аймгийн Ихтамир сумын харьяат, ОУХМ Г.Наранцэцэг насанд хүрэгчдийн 48 кг-аас алтан медаль, Хайрхан сумын харьяат, спортын мастер Э.Уртнасан залуучуудын ангилалын 48 кг-аас алтан медаль, Хангай сумын харьяат, спортын мастер А.Оюунгэрэл залуучуудын 72 кг-аас алтан медаль, Цахир сумын харьяат, спортын мастер Б.Энэбиш 62 кг-аас алт, Хайрхан сумын харьяат, спортын мастер С.Мягмарсүрэн өсвөрийн 82 кг-аас алтан медаль тус тус авчээ. Харин Хотонт сумын харьяат, спортын мастер, Спортын сургуулийн сурагч Б.Лхам өсврийн 60 кг-аас мөнгөн медаль, мөн тус сургуулийн сурагч, спортын мастер Хайрхан сумын харьяат Г.Ганбаяр 74 кг-ийн жингээс хүрэл медаль хүртсэн юм.
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ