Төсвийн тэнцэл 98.2 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-05-15 18:20:46
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Үндэсний статистикийн хорооноос  Монгол Улсын нийгэм, эдийн засгийн эхний дөрвөн  сарын тайланг танилцууллаа.

Дотоодын нийт бүтээгдэхүүн  эхний хагас жилийн байдлаар  3.2 их наяд  төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 6.1 хувиар өссөн байна.  Мөн өмнөх улирлаас 1.6 хувиар өсчээ.

Харин инфляци дөрөвдүгээр сард өмнөх сараас  0,6 хувиар өсч, өмнөх оны эцсээс 3.8 хувиар өссөн  үзүүлэлт гарлаа. Инфляци өсөхөд тээврийн бүлгийн үнэ дүн, хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүн, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ өссөн нь голлон нөлөөлснийг статистикчид онцолж байна.

Улмаар улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 98.2 тэрбум төгрөгийн ашигтай гарсан сайн мэдээ байна. Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн ашиг өмнөх оны мөн үеэс 204 тэрбум төгрөгөөр өсөхөд орлогын өсөлт зарлагын өсөлтөөс 10.2 пунктээр илүү байгаа нь нөлөөлжээ.

Түүнчлэн өрхийн нийгэм, эдийн засгийн энэ оны нэгдүгээр улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 137.6 мянган төгрөгөөр өсчээ.

Үүнд цалин хөлсний орлого 52.3 мянган төгрөг, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 26.6  мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Өрхүүдийг мөнгөн орлого, зарлагаар нь бүлэглэн авч үзвэл, энэ оны нэгдүгээр улиралд 300 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 119.5 мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 66.9 мянга, 300-500 мянган төгрөгийн орлоготой өрх 127.5  мянга,  500-900 мянган төгрөгийн орлоготой өрх 258.6  мянга буюу 29 хувь байна.  Харин 2.1 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 70.5 мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 72.2  мянга байгааг ҮСХ онцоллоо.

Харин нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага эхний нэгдүгээр улирлын үзүүлэлтээр 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 118.8  мянган төгрөгөөр өссөн байна. Өрхийн сарын дундаж зарлага өсөхөд хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 96.4  мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Б.Заяа
Холбоотой мэдээ