Хангайн бүсийн даамын аваргууд шалгарав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-05-16 10:38:05
Архангай /МОНЦАМЭ/.  Архангай аймгийн Даамны холбооноос Хашаат сумын харьяат, спортын мастер А.Шижээгийн нэрэмжит хангайн бүсийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнийг энэ сарын 11-13-ны өдрүүдэд Цэцэрлэг хотод зохион байгууллаа.
Тэмцээнд Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Завхан аймаг, Улаанбаатар хотын өсвөрийн 186, насанд хүрэгчдийн 50 гаруй даамчин оролцсон байна. Аймгийн Даамны холбооноос энэхүү тэмцээнийг анх удаагаа зохиож байгаа бөгөөд чансаа өндөр тэмцээн болсон гэдгийг зохион байгуулагчид хэлж байлаа. Тухайлбал, спортын мастер 8, спортын дэд мастер 20 гаруй оролцсон байна. Мөн нийт тамирчдын 40 гаруй хувь нь улсын зэрэг, цолтой байжээ. 
 
Тэмцээн насанд хүрэгчдийн эрэгтэй, эмэгтэй ангилал, өсврийн 5-7, 8-10, 11-13, 14-16 гэсэн насны ангилалт эрэгтэй, эмэгтэй төрлөөр эхний гурван байруудыг шалгаруулсан байна. Насанд хүрэгчдийн эрэгтэй төрөлд УБ хотын 42-р сургуулийн сурагч, спортын мастер Б.Билгүүн 14 оноогоор түрүүлсэн бол эмэгтэй төрөлд мөн 42-р сургуулийн сурагч, спортын мастер М.Буяндэлгэр түрүүлжээ. Өсвөрийн 5-7 насны эрэгтэй төрөлд Архангай аймгийн “Лутхүү” клубын даамчин Д.Ариунзоригт, эмэгтэй төрөлд Архангай аймгийн Хайрхан сумын С.Нарансолонго, 8-10 насны эрэгтэй төрөлд Өвөрхангай аймгийн харьяат, спортын мастер Б.Лхагватогтох, эмэгтэй төрөлд Баянхонгор аймгийн даамчин Т.Анужин, 11-13 наснй эрэгтэй төрөлд УБ хотын 42-р сургуулийн сурагч, спортын дэд мастер Б.Баасанбар, эмэгтэй төрөлд мөн 42-р сургуулийн сурагч, спортын дэд мастер Б.Есүй, 14-16 насны эрэгтэй төрөлд 42-р сургуулийн сурагч, спортын дэд мастер А.Дашчирэв, эмэгтэй төрөлд спортын дэд мастер Б.Билгүүн нар тус тус түрүүллээ.
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ