Зарлагаа танасаар нэг тэрбум төгрөг хэмнэх боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
sarantsetseg@montsame.gov.mn
2015-12-02 12:23:35

Орхон аймгийн Аудитын газар  ирэх оны төсвийн үр ашгийг дээшлүүлэх, орлого нэмэгдүүлэхийн тулд зарим зарлагыг танаснаар нэг тэрбум төгрөг хэмнэх боломжтой гэлээ. Энэ саналаа аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдэд хүргүүлэв.

Сангийн яам аймгийн ЗДТГ-т төсөв танах тухай албан тоот илгээжээ. Үүнд гадаад, дотоодын томилолтыг 100, сургалт, семинарын зардлыг 50, шагнал, урамшууллыг 100 хувь бууруулах чиглэл өгчээ. Үүний дагуу Орхон аймаг ирэх оны төсвөөс нэг тэрбум төгрөг хэмнэх боломжтой гэнэ. Мөн улсын төсөвт төвлөрүүлдэг орлогыг нэмэгдүүлэх аж. Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн газрын татварыг нэмэгдүүлэх, арилжааны банкаар олгогдож буй зээлийн сангийн үлдэгдэл болох 610 сая төгрөгийг эргүүлэн татах хэрэгтэй гэсэн санал гаргалаа. Учир нь 2016 оноос арилжааны банкаар дамжуулан олгогддог аливаа сангийн зээлийн үйлчилээ хаагдаж байгаа юм.

Орхон аймгийн ирэх оны төсвийн орлого 37, зарлага 16 тэрбум төгрөг байхаар төсөвлөжээ. Орон нутгийн хөрөнгө оруулалтаар 11 тэрбум төгрөгийн ажил, үйлчилгээ хийнэ. 

Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ