“Сэлэнгэ-Энерго” 273 хоног доголдол саадгүй ажиллажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-05-19 21:38:13
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн дулаан үйлдвэрлэгч “Сэлэнгэ-Энерго” ОНӨААТҮГ энэ сарын 15-наас эхлэн галлагаагаа бүрэн зогсоож, өвлийг өнтэй давсны баяр “Хаврын баяр” нэгдсэн арга хэмжээг ажилчдынхаа дунд зохион байгуулжээ. 
Сэлэнгэ аймагт эрчим хүчний байгууллага үүсч хөгжсөний түүхт 60 жилийн ой энэ онд тохиож байгаа аж. Иймээс тус хамт олон энэ жилийн арга хэмжээгээ өмнөх жилүүдээс өргөн хүрээнд тэмдэглэж, “Хаврын баяр” нээлтийн арга хэмжээний үеэр Сүхбаатар сумын ЕБС-ын сурагчдын дунд байгууллагаа сурталчилсан уралдаануудыг зохион явуулсан байна. Үүнд “Жавар үргээсэн галын бурхад” сэдэвт гар зургийн болон ЭССЭ бичлэгийн уралдаануудыг анги бүлэг, насны ангиллаар зохион явуулж, тэргүүн байр эзлэсэн сурагчдад шагнал гардуулжээ. 
Гар зургийн уралдааныг 1-4-р анги, 5-8-р анги гэсэн хоёр ангиллаар явуулсан бөгөөд 103 ширхэг бүтээл ирүүлсэнээс 1-4-р ангийн ангилалд тэргүүн байрыг Улсын тэргүүний 1-р сургуулийн 4в ангийн сурагч У.Хулан, 5-8-р ангийн төрөлд тэргүүн байрыг ЕБ-ийн 6-р сургуулийн 8а ангийн сурагч Б.Намуун нар тус тус эзэлсэн байна. Мөн эссэ бичлэгийн уралдааныг 9-12-р ангийн сурагчдын дунд зохион явуулж, 94 бүтээл ирүүлсэнээс  Улсын тэргүүний 1-р сургуулийн 12а ангийн сурагч Л.Баасанхүү тэргүүлж шагнал хүртжээ.
“Сэлэнгэ-Энерго” ОНӨААТҮГ-аас их ойгоо угтсан 60 бүтээлч ажил зарласны нэг хэсэг нь энэхүү “Хаврын баяр” арга хэмжээ юм. Тус үйлдвэрийн хамт олон 2017-2018 оны халаалтын улиралд 39.0 мянган тонн нүүрс, 3.1 сая квт цахилгаан эрчим хүч, 125000 м3 ус хэрэглэж, 84255 Гкал дулаан үйлдвэрлэн Сүхбаатар хотын 2379 өрх айл, 296 аж ахуйн нэгж, 51 төсөвт газрыг дулаан болон хэрэглээний халуун усаар хангажээ. Энэхүү халаалтын хугацаанд ямар нэгэн доголдол саад гаргалгүй 273 өдөр галлан ажилласан байна.  
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ