М.Наранжаргал: Орост сурах боломж олдвол бүү алдаарай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-05-21 07:59:56
Өвөрхангай /МОНЦАМЭ/ Өвөрхангай аймгаас ОХУ-ын Москва хотод суралцаж, шилдэг оюутнаар шалгаран нутаг орныхоо нэрийг өндөрт өргөж яваа нэгэн бүсгүйтэй товч ярилцлаа. Тэрээр Москва хотын Үндэсний судалгаа шинжилгээ, технологийн их сургуулийн төгсөх ангийн оюутан юм. 
- Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу ?
- Сайн байцгаана уу? Намайг Мөнхжаргал овогтой Наранжаргал гэдэг. Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрж өссөн. Аав, ээж, хоёр дүүгийн хамт амьдардаг. Арвайхээрийн “Алтангадас” одонт Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн Э.Эрдэнэчимэг багштай гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 11Д ангийг 2013 онд  төгссөн.
-ОХУ-ын Москва хотод багагүй амжилттай сурч байгааг тань нутгийн хүнээс сонслоо. ОХУ-д суралцах болсон түүхээсээ сонирхуулахгүй юу?
-Дунд сургуульд 8 дугаар ангиасаа орос хэлийг гүнзгийрүүлэн судалж, аймаг, бүс болоод улсын чанартай олимпиадуудад амжилттай оролцсон маань энэ сургууль руу хөтөлсөн.  Тухайлбал, 2011 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт, АБТА Г.Оюун багшийн нэрэмжит Орос хэлний олимпиадад оролцон тэргүүн байр, 2012 онд Алтангадас одонт, АБТА, Монгол Улсын Тэргүүлэх зэргийн багш Э.Эрдэнэчимэгийн нэрэмжит гадаад хэлний олимпиадад дэд байр эзэлж байв.
2011 онд Монгол хүн анх сансарт ниссэний 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан олимпиадад тусгай байр, 2012 онд Орос улсын найрамдлын 65 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан олимпиадад тэргүүн байр, 2013 онд Дэлхийд эмэгтэй хүн анх сансарт ниссэний 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан олимпиадад гуравдугаар байр эзэлж, ОХУ-ын Засгийн газрын 100 хувийн тэтгэлгээр тус улсад  суралцах эрхээр шагнуулсан юм. Нэгэнт тэтгэлгээр сурах болсон учраас Москва хотыг сонгосон.
Орос улсын талаар нүдэнд харагдтал ярьж, орос хэлийг судлах тэр их хүсэл, эрмэлзлийг бий болгон эдгээр амжилтыг гаргах үндэс суурийг тавьсан хүн бол миний багш Э.Эрдэнэчимэг юм. Энэ завшааныг ашиглан шавь нь тандаа маш их баярлаж явдгаа хэлье.
Орос улс, Москва хотыг өөрийн нүдээр харах гэсэн хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн төлөө багшийн хамт шаргуу хөдөлмөрлөж, түүнийхээ ч үр шимийг хүртэж Москва хотноо тав дахь жилээ амжилттай суралцаж байна.
- Сургуулиа танилцуулахгүй юу, ямар мэргэжлээр сурч байна вэ?
-ОХУ-н Москва хотын Үндэсний судалгаа шинжилгээ, технологийн их сургуулийн /НИТУ МИСиС/ 4-р курст “Мэдээллийн технологийн инженер” гэсэн мэргэжлээр суралцаж, удахгүй төгсөх гэж байна.
Анх надад хоёр сургуулиас сонголт хийх боломж байсны нэг нь миний одоо сурч байгаа энэ сургууль, нөгөө нь Эрчим хүчний их сургууль байсан юм.  Боловсролын чанар, оюутнуудын сурах, амьдрах тухтай орчин нөхцөлийг нь харгалзан энэ сургуулиа сонгож байв.
Манай сургуульд ОХУ-ын бүх хотуудаас болон дэлхийн 69 орноос оюутнууд ирж суралцдаг, боловсролын чанараараа рейтинг өндөр, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон 30 гаруй лаборатори болон судалгааны гурван төвтэй том сургууль юм. Кембрижийн их сургуультай хамтарсан программаар гадаад хэлийг гүнзгийрүүлэн судалдаг ба оюутнуудын үйл ажиллагааг дэмжсэн маш олон оюутны байгууллага, зөвлөл ажилладаг.
-Сургуулиа төгсөөд ажлын гараагаа хаанаас эхлэх хүсэлтэй байна, нутаг орондоо ирэх үү?
-Сургуулиа төгсөөд магистрт сурах төлөвлөгөөтэй байгаа. Мэдээж, Монголдоо, ялангуяа нутагтаа ажиллаж, ихийг хийж бүтээх хүсэл бий.
-Москвад Монголчууд хэр олон сурдаг вэ?  Ялангуяа Өвөрхангайгаас...
-Миний ажиглаж байгаагаар сүүлийн жилүүдэд Орост суралцагчдын тоо нэмэгдэж  байгаа. Энэ жилийн судалгаагаар ОХУ-д 2224, Москвад 800 гаруй оюутан суралцдаг гэсэн мэдээлэл гарсан байна лээ. Өвөрхангайгаас миний мэдэхийн 10 оюутан сурч байгаагаас Москва хотод 8, Санкт-Петербургт 1, Казаньд мөн 1 оюутан бий.
Дашрамд дурдахад 2013 онд би Өвөрхангайгаас ганцаараа Москвад сурахаар ирж байсан. Түүнээс хойш Э.Эрдэнэчимэг багш маань сурагчдаа олимпиадад амжилттай бэлтгэж, зургаан шавиа Москва хотод сургаад байна.
-Чамайг сургуульдаа маш их идэвхтэй, тэргүүний оюутан гэж сонссон?
-Миний хувьд нийгмийн идэвхтэй, урлагт маш их хайртай. Миний дуулах авъяасыг нээж өгсөн хүн бол Арвайхээр хотын 1 дүгээр сургуулийн дуу хөгжмийн багш АБТА Б.Отгондулам, бүжгийн урлагт дурлуулсан хүн бол “Ирмүүн” бүжгийн хамтлагийн багш М.Батзориг юм. Тухайн үед би “Ирмүүн-2” хамтлагт бүжиглэдэг байлаа. Мөн сургуулийнхаа “Инээмсэглэл” хамтлагт дуулдаг байсан.
Арван жилд байхдаа л нийгмийн идэвхитэй хүүхэд байсан, оюутан болоод ч тэр хэвээр байгаа. Манай сургуульд 17 монгол оюутан суралцдаг, тэднийгээ төлөөлж Гадаад оюутнуудын зөвлөл /Клуб Интернациональной Дружбы/-д төлөөлөгчөөр ажилладаг.
Мөн сургуулийнхаа “MULTI DANCE STUDIO” бүжгийн хамтлагт бүжиглэдэг. Нийгмийн идэвхтэн, онц сурлагатан гээд 2016 онд сургуулийн зардлаар Герман улсын Дрезден хот болон Чех улсын Прага хотруу аялж байв.
- Амжилтуудаасаа товч дурдахгүй юу?
- Дуу, шүлэг, бүжиг болон орос хэлээр төрөл бүрийн уралдаан тэмцээн, олимпиадад ганцаараа болон хамтлагаараа оролцон шагналт байруудыг эзэлж байсан. Томоохон амжилтуудаасаа дурдвал ОХУ-ын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам, ОХУ-ын Залуучуудын Холбоо, Оюутны холбоо, Хотын мэргэжил, хөгжлийн төвөөс хамтран зохион байгуулсан “Москвагийн оны шилдэг оюутан–2017” шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, “Москвагийн Оны Шилдэг Гадаад оюутан” -аар шалгаран шагнуулсан.
Үндэсний судалгаа шинжилгээ, технологийн их сургуулиас зохион байгуулсан “Мисс МИСиС–2018” тэмцээнд амжилттай оролцож, “Тэргүүн МИСС” болсон.
Мөн энэ 5 сарын эхэнд Монголын Оюутны Холбооны "Манлайлагч оюутан" алтан медалиар шагнуулаад байна. ОХУ-ын их, дээд сургуулиудын төгсөх курсийн оюутнуудаас суралцах хугацаандаа нийгэм, олон нийтийн ажил, спорт, соёл урлагийн болон бусад шинжлэх ухааны салбарт бодит амжилт гарган бусдыгаа манлайлсан оюутныг энэхүү шагналаар шагнадаг юм билээ.
- Гадаадын их, дээд сургуульд үлгэр жишээ суралцаж болдог гэдгийг миний дүү харуулж байгаад баяр хүргэе. Гэвч ОХУ-ын их, дээд сургуульд сурах боломж сүүлийн жилүүдэд улам нээгдэж байгаа ч оюутнууд явахаас их болгоомжилдог юм билээ.
-Жил ирэх тусам Орос улс Монгол Улсад өгөх квотын тоогоо нэмж, олон Монгол оюутныг Засгийн газрынхаа тэтгэлгээр сургаж байгаа. Орост сурах хэцүү гэсэн дам яриа Монголчуудын дунд их байдаг. “Мянга сонсохоор нэг үз” гэдэг дээ. Хэрэв сурах боломж олдсон бол бүү алдаарай л гэж хэлье.
Нээрээ, би 2013 онд арван жилээ төгсөөд юу ч мэдэхгүй жаахан хүүхэд намар вагонд суугаад л ганцаараа Москва руу явж байсан юм даа. Тэр үед зарим хүүхдүүдийг ээж, аав нь хүргэж өгөөд л би жаахан атаархдаг байсан ч өөрөөрөө бахархах сэтгэл төрж байсан. Одоо бодоход бас л их зориг гаргаж байжээ.
- Одоо энэ жилийн ЭЕШ удахгүй болно. Орост сурах хүсэлтэй байгаа хүүхдүүдэд зөвлөгөө өгөхгүй юу?
- ОХУ-д сурахаар ирж байгаа дүү нар маань мэргэжил болон сургуулиа маш сайн бодож, зөв сонголт хийх хэрэгтэй шүү. Нэгэнт сонгоод ирсэн мэргэжил болон сургуулийг дараа нь солих боломж бараг байдаггүй. Тийм учир үүн дээр анхаараарай. Өөрийнхөө хүссэн мэргэжлээр сурч, түүнийгээ төгс эзэмшин  хүссэн ажлаа хийж амьдрахыг хүн бүр л хүсдэг. Би сурч чадах болов уу, яах бол гэж өөртөө хэзээ ч эргэлзэж болохгүй. Хамгийн гол нь чиний хийсэн зөв сонголт, хүчин чармайлтаас бүх зүйл шалтгаална. Гэрэлт Монголын ирээдүй залуус бидний гарт гэдгийг санаарай.
- Цахим сүлжээг ашиглан сайхан ярилцах боломжтой байсандаа талархаж байна. Чамд амжилт хүсье.
 Б.Батчимэг
Холбоотой мэдээ