Зэрлэг амьтдын зургийг зотон, цаас, метал гадаргуунд хэвлэсэн үзэсгэлэн дэлгэлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-05-21 16:47:14
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Биологийн төрөл зүйлийн дэлхийн өдрийг тохиолдуулан “Блю Мон” цогцолборт Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, гэрэл зураг сонирхогч Г.Батсүхийн “Эс хайрлахын аргагүй ертөнц-II” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ.
Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбооны хүндэт ерөнхийлөгч Г.Батсүхийн хоёр дахь бие даасан уг үзэсгэлэнд таван тивийн байгаль, зэрлэг амьтдын зургийг зотон, цаас, метал гадаргуу дээр хэвлэн гаргаж, энэ сарын 26-ныг хүртэл нийтэд үнэ төлбөргүй дэлгэх аж.
Г.Батсүхийн сүүлийн гурван жилийн бүтээлээрээ гаргасан уг үзэсгэлэнгийн талаар МГЗНХ-ны нарийн бичгийн дарга Ц.Батбаатар “Ховор ан амьтан, спорт ангуучлалын чиглэл нь их хүнд, хол явж, цаг, мөнгө их зарцуулдаг төрөл. Технологийн шинэчлэлийн хувьд зургаа ганц фото цаасан дээр хэвлээгүй, зотон даавуу, төмөр метал дээр хэвлэсэн. Энэ нь гэрэл зургийн үзэсгэлэнгийн төрөл шинэ маягийг үүсгэж байна” гэж өндрөөр үнэлж буйгаа илэрхийллээ.
Нийгмийн сүлжээгээр олон нийт, ялангуяа залууст чиглэсэн байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, соён гэгээрүүлэх үйлсэд хувь нэмрээ тогтмол оруулдаг гэрэл зураг сонирхогч Г.Батсүх  “Ан амьтны араншин”, “Шувуудын анир”, “Монгол орны ан амьтан, спорт ангуулчлал” ном өмнө гаргасан юм. Энэ удаа тэрбээр “Амьд байгалийн өв” цомгоо хэвлүүлж, үзэсгэлэнгийн нээлт дээрээ танилцууллаа.
Б.Уянга
Холбоотой мэдээ