Ш.Солонгыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-05-22 12:34:39
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Ш.Солонгыг томилох эсэх асуудлыг хэлэлцэж байнгын хороо дэмжив.

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг тус тус үндэслэн Үндсэн хуулийн цэцийн гишүүнд Монгол Улсын гавьяат хуульч Шилагарьдын Солонгын нэрийг дэвшүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд санал оруулж буйгаа Улсын Их Хурлын дарга М.Энхболд дурдаад нэр дэвшигч Ш.Солонго нь дээрх хуулийн шаардлагыг бүрэн хангаж байгаа, хуульч мэргэжилтэй, гавьяат хуульч цолтой, төрийн албанд 34 жил ажилласан, төрийн ажлын арвин баялаг туршлагатай ажилтан гэдгийг танилцуулгадаа онцлов.
Нэр дэвшигч Ш.Солонго нь 1984 онд Москвагийн Их сургуулийг хуульч мэргэжлээр төгсөж, 1994 онд Тайваньд Зах зээлийн худалдааны хууль тогтоомжийн, 1998 онд Нидерландын Вант Улсад иргэний болон худалдааны хууль тогтоомжийн, 2000 онд Австри Улсад захиргааны шийдвэрийн нөлөөллийн, 2005 онд ХБНГУ-д захиргааны ерөнхий хуулиар тус тус мэргэшил дээшлүүлжээ.
Тэрбээр 1984-1992 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хуулийн хэлтэст мэргэжилтэн, 1992-1994 онд Засгийн газрын Тамгын хэлтэст дэс түшмэл, тасгийн дарга, 1994-2000 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт түшмэл, Засгийн газрын ахлах референт, 2000-2008 онд мөн газарт Хуулийн хэлтсийн дарга, 20008 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар ажиллаж байгаа аж.
Ингээд санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүн санал нэгтэйгээр нэр дэвшигч Ш.Солонгыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэхийг дэмжсэн юм. Мөн нэр дэвшигч Ш.Солонго нь Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр ажилладаг. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн нь Үндсэн хуулийн цэцийн гишүүний үүрэгт ажлыг давхар гүйцэтгэхийг хуулиар хориглосон байдаг тул тэрбээр Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасны дагуу түүнийг тус хорооны гишүүнээс чөлөөлөх асуудлыг шийдвэрлэж өгөх талаар Сонгуулийн ерөнхий дарга Улсын Их Хуралд ханджээ. Иймээс энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж дэмжлээ. Хэрэв нэр дэвшигч Ш.Солонго нь Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдвол түүнийг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөх асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх юм.

Ерөнхийлөгчийн зүгээс Үндсэн хуулийн цэцийн гишүүнд ШШГЕГ-ын дэд дарга Г.Туулхүү, Б.Буяндэлгэр, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Ц.Нанзаддорж гэсэн гурван хүнийг нэрийг дэвшүүлээд байгаа юм. 
Н.Туяа
Холбоотой мэдээ