З.Энхболд: Үндсэн хуулийн шаардлагын дагуу гишүүдийг нэр дэвшүүлсэн

Монголын мэдээ | Улс төр
gantuya@montsame.mn
2018-05-24 14:24:27
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгчийн зүгээс Үндсэн хуулийн цэцийн гишүүдэд Г.Туулхүү, Ц.Нанзаддорж, Б.Буяндэлгэр нарыг нэр дэвшүүлж,  УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж томилсон. Үүнтэй холбогдуулж Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдоос зарим зүйлийг тодрууллаа.

-Ерөнхийлөгчийн нэр дэвшүүлсэн хүмүүсийг ҮХЦ-ийн гишүүнд тэнцэхээргүй байхад улс төрийн тохироогоор томилж байна гэх шүүмжлэлийг олон нийтийн зүгээс илэрхийлж байсан. Үүнд та ямар тайлбар хэлэх вэ?

-Монгол улсын Үндсэн хуулийн 65.2-т Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй Монгол Улсын 40 нас хүрсэн иргэнийг томилно гэж заасан. Хууль зүйн дипломтой эсвэл улс төрийн мэргэшилтэй хүн байна гэж заасан байгаа биз дээ. Хуучин томилж байсан жишгүүдийг харахад П.Очирбат, Т.Лхагва нар хуулийн дипломгүй. Тэгэхээр дээрх хоёр шаардлагыг нэгэн зэрэг хангах шаардлагагүй.

-УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн цэц нь хамгийн сайн хуульчдын цуглуулга байх ёстой гэж хэлж байсан. Энэ тухайд?

-Үндсэн хуулийн 65.2–т ингэж заагаагүй байна. Би УИХ-ын дарга байхдаа МУИС-ийн Цогтоо, Ганзориг багшийг санал болгож Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлж байсан. Нийт гишүүд, ард түмэн Үндсэн хуулийн цэцэд нэр дэвшигч нь хуулийн мэдлэгтэй, эрдэмтэн хүн байх ёстой юм шиг ойлголттой байна. Харин Үндсэн хууль арай өөр шаардлага тавиад байна. Улс төрийн өндөр мэргэшилтэй гэдэг нь ядаж л намын гишүүн, өндөр албан тушаал хашиж байсан хүн гэж ойлгож байна.

-Ер нь Цэцийн гишүүн ийм, тийм байх ёстой гэсэн тогтмол ойлголтыг л илэрхийлээд байх шиг?

-Улс төрчдийг томилж болохгүй гэж ойлгож болохгүй. Мөн багш нарын цуглуулга болж болохгүй. Үндсэн хуулийн шаардлагын дагуу хүмүүсээ нэр дэвшүүлсэн. Хүмүүсийн тогтсон ойлголт өөр ч хуулийн шаардлага өөр гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Яахав шүүмжлэлийг харж байна. Энэ шаардлагад нийцсэн ямар нэгэн улс төрөөр яваагүй эрдэмтэд л гомдол гаргаад байх шиг байна. Тэд “Би хуулийн мэдлэгтэй. Эрдмийн өчнөөн бүтээлтэй. Гэтэл намайг нэр дэвшүүлсэнгүй“ гэж байх шиг байна. Тэд улс төрийн өндөр мэргэшилгүй байгаа биз дээ. Хуулиа л барихаас биш хүмүүсийн ойлголтод тааруулсэн хүнийг нэр дэвшүүлэх шаардлагагүй гэж үзсэн. 
Н.Гантуяа
Холбоотой мэдээ