Боломж бий ч бодлого үгүйлэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-12-02 17:25:34

Дорнод бүс нутаг бол тариалалт эрхлэхэд хамгийн тохиромжтойд тооцогддог. Цаг агаар, бүс нутгийн онцлогоос шалтгаалан жилийн дөрвөн улиралд ч энэ төрлийн аж ахуй эрхлэх бүрэн боломжтой ч энэ тал дээр аймгийн нэгдсэн бодлого үгүйлэгдэж байна.

Энэ талаар саяхан болсон хүнсний ногооны тариалалт эрхлэгчдийн хэлэлцүүлгийн үеэр онцолж ярилцсан байна. Тухайлбал, стандартад нийцсэн хүлэмж зоорь дутагдалтай байгаа учир аймаг орон нутаг анхаарч жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих, гарц гаргалгаа юу байгаа талаар ярилцав. Аймаг орон нутгийн дэмжлэг нэгдсэн бодлого байхгүйгээс урд хөршөөс орж ирж байгаа ногоог хазаарлаж чадахгүй байгаа аж. Түүнээс биш аймгийн хэмжээний хүнсний ногооны зах зээлийг орон нутгийн иргэд эзэлж чадах боломж байгааг оролцогчид онцолж байлаа.

Хэлэлцүүлэгт оролцсон аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Х.Энх-Отгон хүнсний ногоо тариалалт эрхэлдэг иргэдийн тухайд өвлийн хүлэмжийг олноор барих, үүний тулд газар олголт, дулаан, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарах болно гэдгээ хэлэв.

Б.Туяа

Холбоотой мэдээ