В.Путинд иргэдийн асуултыг хүргэхээр 800 гаруй оператор ажиллаж байна

Хилийн чанадаас
dogsom@montsame.mn
2018-05-29 00:36:30
Москва /МОНЦАМЭ/. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “В.Путинттай шууд ярилцлага” ирэх сарын 7-ны өдрийн 12:00 цагт “Россия 1” сувгаар хүрэхээр боллоо.
 16 дахь удаагаа болж буй энэхүү шууд нэвтрүүлгээр Оросын ард иргэд Ерөнхийлөгч В.Путинээс хүссэн асуултадаа хариулт авах, шинэ санал санаачилга дэвшүүлэх боломжтой. Шууд нэвтрүүлгийн үеэр хөндөгдсөн асуудлууд тэр даруй шийдвэрлэгддэгээрээ онцлогтой. 
 Иргэдийн асуултыг хүлээн авах тусгай шугам энэ сарын 27-ны өдөрөөс Москва, Липецк, Екатеринбург, Челябинск зэрэг хотод нээгдсэн. Түүнчлэн иргэд асуултаа SMS, MMS-ээр ирүүлэх, видео бичлэг хэлбэрээр нэвтрүүлгийн цахим хуудаст үлдээх боломжтой.
 Ерөнхийлөгч В.Путинд хүн бүрийн асуултыг хүргэхээр 800 гаруй оператор ажиллаж, цагт ойролцоогоор 1000 орчим асуулт хүлээн авч байгааг албаны хүмүүс онцолж байна.
 Дашрамд дурдахад өнгөрсөн жилийн шууд нэвтрүүлэг 4 цаг орчим үргэлжилж ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 80 орчим асуултад хариулсан.
Л.Нандиа
 

Холбоотой мэдээ