Умард Солонгост байгаа цөмийн цэнэгт хошуунуудыг АНУ руу илгээхийг шаардаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-05-29 16:09:56
ТОКИО. /ТАСС/. АНУ-ын эрх баригчид Умард Солонгост байгаа цөмийн 20 цэнэгт хошууг ойрын хугацаанд АНУ руу илгээхийг зөвшөөрүүлэх хүчин чармайлт тавьж байна. Энэ тухай АНУ-ын Засаг захиргааны эх сурвалжаас иш татан “The Japan Times” сонин мэдээлэв. Умард Солонгостой зөвлөлдөх уулзалт хийж буй АНУ-ын төлөөлөгчид бас тодорхой тооны баллистик пуужингуудыг Америк руу илгээх талаар ярьж байгаа аж.   
 
Ингэх нь Умард Солонгосыг цөмийн болон пуужингийн хөтөлбөрөөс нь эргэлт буцалтгүй, баталгаатай бүрэн ангижруулахад зайлшгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай алхам гэж үзэж байгаа аж.
 
Хариуд нь терроризмыг дэмжигч улсуудын жагсаалтаас Умард Солонгосыг гаргахад бэлэн байгаагаа АНУ-ын эрх баригчид илэрхийлжээ. “Асахи” сонины мэдээлснээр, терроризмыг дэмжигч улс орнуудын жагсаалтаас Умард Солонгосыг гаргах нь тус улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх боломжийг нээх аж.
 
АНУ болон Умард Солонгос улс одоогоор хоёр улсын удирдагчдын ирэх сарын 12-нд Сингапурт хийхээр товлосон уулзалтад бэлтгэж байгаа билээ.
Э.Аянзаяа

Холбоотой мэдээ