Г.Шийлэгдамбыг 268 дугаар зүйлийн 268.2-т заасан гэмт хэрэгт шалгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-12-03 12:34:40

АТГ-аас ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамбыг шалгаж буй талаар албан мэдээлэл өгөөгүй байгаа. Гэвч тус газар өөрийн сайтаар албан мэдээ тараажээ.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд Ганхуягийн Шийлэгдамбыг бусдаас хээл хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэлээр сэжигтнээр тооцон, мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн. Г.Шийлэгдамбыг 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр сэжигтнээр тооцон, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдрөөс сэжигтнээр, 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, одоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьж байна.  Г.Шийлэгдамбад 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2-т зааснаар ял сонсгон, яллагдагчаар татсан бөгөөд прокуророос гаргасан саналыг хянан үзээд шүүхээс цагдан хорих хугацааг сунгасан. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болон сунгасан талаар хуульд заасны дагуу гэр бүлийн гишүүдэд болон өмгөөлөгчдөд тухай бүрт нь мэдэгдсэн. 

Г.Шийлэгдамбыг цагдан хоригдох хугацаанд сэжигтнээр болон яллагдагчаар 3 удаа байцаалт авсан, түүнтэй төрсөн дүү Г.Шийлэгбат 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр, нагац эгч Д.Оюунцэцэг нь 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр, УИХ-ын гишүүн, Шадар сайд Ц.Оюунбаатар 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр, УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр, УИХ-ын гишүүн О.Баасанхүү 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр тус тус уулзах хүсэлт гарган, уулзжээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ