Дэлхийн зах зээлд Монгол Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь чухал гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2015-12-03 17:11:55

БНКазУ-ын Ерөнхийлөгч Н.А.Назарбаев өнгөрсөн сарын 30-нд ард түмэндээ Илгээлт явуулахдаа дэлхийн болон бүсийн зах зээлд Монгол Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь чухал болохыг онцлон тэмдэглэсэн байна. Энэ талаар өнөөдөр БНКазУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд К.Кобландин мэдээлэл хийлээ.

БНКазУ-ын Ерөнхийлөгч Н.А.Назарбаев жил бүр ард түмэндээ хандан Илгээлт явуулдаг. Саяхан Ерөнхийлөгч Н.А.Назарбаев 2016 оны төлөвлөгөөгөө танилцуулсан. Манай улс «Казахстан 2050» стратеги хэрэгжүүлж байгаа. Уг стратегид ойрын 30 жилийн хугацаанд БНКазУ-ыг хамгийн өндөр хөгжилтэй 30 орны эгнээнд оруулахаар ажиллана хэмээн Элчин сайд мэдээллийнхээ эхэнд онцлон тэмдэглэв.

«Казахстан 2050» стратегид нэн тэргүүнд эдийн засгийн хөгжлийг тусгажээ. Энэ онд дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй эдийн засгийн хямрал тус улсад ч тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа аж. Казахстанд 1992, 1997, 2002, 2009 онд эдийн засгийн хүндрэл үүсч байсан бөгөөд тухай бүрт нь төлөвлөгөө боловсруулж, даван туулж байжээ. Энэ удаагийн эдийн засгийн хүндрэлийг ч өнгөрсөн үеийн туршлагадаа тулгуурлан даван туулна гэдгийг Элчин сайд К.Кобландин хэллээ.

Тэрбээр, Ерөнхийлөгч Н.А.Назарбаевын ард түмэндээ «Казахстан шинэ дэлхий нийтийн бодит байдалд: Өсөлт. Хөгжил. Шинэчлэл» хэмээх сэдвээр Илгээлт явуулсан. Төрийн тэргүүний Илгээлт нийгэм, эдийн засаг, боловсролын шинэчлэлийг богино болон дунд хугацаанд тодорхойлох бодит санаачлагуудыг агуулсан. Сүүлийн таван жилд үлдвэрлэл 1.3, машины үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүд 2.2, экспорт 3 дахин өссөн. Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банк 2016 онд Казахстаны эдийн засгийн өсөлт дээд хэмжээнд хүрнэ гэж таамаглаж байгаа.

Казахстанд аж үйлдвэрийн болон инновацийн хөгжлийн Төрийн хөтөлбөрийн хоёр дахь шат нь хэрэгжиж байна. «Нурлы жол» буюу «Саруул зам» хэмээх дэд бүтцийн хөгжлийн төрийн хөтөлбөр батлагдсан. Үүнийг хэрэгжүүлэх үүдээс «Таван институцийн шинэчлэлийн 100 тодорхой алхам» Үндэсний Төлөвлөгөөг хэрэгжүүлж байгаа. Уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх 80 гаруй хууль баталсан. Тус хуулиуд батлагдсанаар жижиг ба дунд үйлдвэрлэлийн өмнө тулгамдаж буй саад бэрэхшээлүүд арилж, төрийн удирдлага, боловсрол, эрүүл мэндийн салбрын үйл ажиллагаа боловсронгуй болох юм” гэлээ.

Казахстаны төрийн тэргүүн илгээлтдээ эдийн засгийн хөгжлийг хангах хэд хэдэн алхамыг дурьджээ. Тухайлбал, санхүүгийн салбарын тогтворжилт болон төсвийн бодлогыг оновчтой болгож, шилэн татварын зарчим, ашиггүй татварын хөнгөлөлтүүдийг цуцлах, хувьчлал болон эдийн засгийн өрсөлдөөнийг урамшуулах зэргийг нэрлэж болох юм. Нийт 7 мянга орчим төрийн үйлдвэрийг хувьчлахөөр төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр жил бүрийн эдийн засгийн өсөлт 5 хувиар нэмэгдэнэ гэж үзэж байгаа аж.

Мөн ирэх онд төрийн албан хаагчдын цалинг 30 хувиар нэмэхээр төлөвлөсөн байна. Мөн 2017 оноос эхлэн мэргэжлийн-техникийн боловсролыг үнэгүй олгох зорилт тавьжээ.

Түүнчлэн БНХАУ, ОХУ, Иран, Энэтхэг, Пакистан, Төв Азийн болон Кавказын орнуудтай дэлхийн болон бүсийн зах зээлд экспортыг дээшлүүлэх мөн Монгол Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь чухал болохыг онцлон тэмдэглжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ард түмэндээ хандан хэлсэн үгэндээ, Монгол Улсын иргэдийн ахуй амьдралыг дээшлүүлэхэд чиглэгдсэн ажлууд дээр Засгийн газар тодорхой ахиц гаргасан талаар дурдсан. Монгол, БНКазУ-ын нийгэм, улс төр, эдийн засгийн бүх талыг хамарсан стратегийн бичиг баримтууд нь Казахстан болон Монгол Улсын хөгжилд амжилт авчирна гэдэгт бат итгэлтэй байна хэмээн Элчин сайд К.Кобландин мэдээллийнхээ төгсгөлд хэллээ.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ