ХУД “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалъя” өдөрлөг зохион байгууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2015-12-04 10:53:28

Хан-Уул дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс хамтран “Хөгжлийн бэрхшээлийн асуудалд хүний эрхийн  үүднээс  хандах” сэдэвт өдөрлөгийг зохион байгууллаа.

Хан-Уул дүүрэг нийт 138000 хүн амтайгаас 4200 иргэн хөгжлийн бэрхшээлтэй гэсэн судалгаа гарчээ. Өдөрлөгийн хүрээнд Монгол Улсын засгийн газрын 2013 оны 281 дүгээр тогтоолоор батлагдсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай” НҮБ-ын Конвенцын хэрэгжилт, нийслэл дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, төр захиргааны байгууллагын зүгээс хүндэтгэл үзүүлэх, тэдэнд үзүүлэх төрийн үйлчилгээ, хүний эрхийн талаарх мэдээллийг хүргэлээ. Өдөрлөгт 160 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцсон юм.

Өдөрлөгт оролцсон иргэдэд төрөл бүрийн хөнгөлөлт тусламж, нийгмийн хамгаалал, халамжийн талаарх мэдээлэл хийж , гарын авлага тараан санал бодлоо солилцлоо. Өдөрлөгт дүүргийн Засаг даргын орлогч Д.Анхбаяр, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн дарга Б.Бадамсүрэн, Хөдөлмөрийн хэлтсийн дарга Б.Алтанцэцэг нар оролцлоо.

Дүүргийн Засаг даргын Тамгын газраас зорилтот жилийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллыг хангах “Дэд хөтөлбөр”-ийг боловсруулж батлуулан шаардагдах хөрөнгийг төсөвт тусгахаар ажиллаж байгаа юм байна.

Холбоотой мэдээ