Парламентын гишүүдийг сүрдүүлснийг мөрдөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
aminaa@montsame.mn
2015-12-04 12:58:33

ЛОНДОН. /Sputnik/. “Лалын улс”-д өгч буй агаарын цохилтоо Сири лүү тэлэхийг парламентад дэмжсэн Их Британийн Төлөөлөгчдийн танхимын гишүүдийг сүрдүүлсэн хэргийг Лондон хотын Цагдаагийн газар мөрдөн шалгаж байна.

“Парламентын гишүүдэд хамаатай, нийгмийн сүлжээн дэх сүрдүүлгийн талаар цагдаагийн газар мэдэж байгаа. Хянан шалгах ажил явагдаж байна” гэж Цагдаагийн газрын төлөөлөгч “The Evening Standard” сонинд  мэдээлсэн юм.

“Чи Сирид агаарын цохилт өгөхийг дэмжсэн. Чамтай таарвал бүх юм дуусна” гэж нийгмийн сүлжээ “Twitter “-ээр дамжуулан Төлөөлөгчдийн танхим дахь Лэйборист намын гишүүн Нил Койлыг сүрдүүлсэн гэж “The Evening Standard” сонинд бичжээ.

Иракт явуулж байсан агаарын цэргийн кампанит ажлаа Сири лүү тэлэхийг парламентад дэмжсэнээс хойш хэдхэн цагийн дараа, Хатан хааны агаарын цэргийн хүчний “Tornado” сөнөөгч-бөмбөгдөгч онгоцууд Сирид агаарын цохилтоо эхэлсэн тухай Их Британийн Батлан хамгаалахын яамнаас мэдэгдсэн юм.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ