Байгалийн, биологийн нөөцтэй Монгол улс нано технологийн компаниуд байгуулах боломжтой
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ-ны шинжлэх ухаан, технологийн бодлогын газар, Шинжлэх ухаан технологийн сан хамтран зохион байгуулсан уулзалт хэлэлцүүлгийн үеэр судлаачид эрдэмтдийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг бизнесийн салбарт нэвтрүүлэх, үр шимийг хүртэх боломжтой гэдгийг онцлов.
Уг уулзалт хэлэлцүүлгийг эрдэмтэн судлаачид харилцан туршлага солилцох, инноваци, шинэ мэдлэгт суурилсан эдийн засгийг тэлэх, шинжлэх ухааны инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг дотоод, гадаадын зах зээлд гаргах, түгээн дэлгэрүүлэх, шинжлэх ухааны салбарын залуу судлаач, эрдэмтдийн эрдэм шинжилгээний суурь, ахисан түвшний судалгааны ажлыг дэмжих зорилгоор зохион байгууллаа.
Уг уулзалт хэлэлцүүлгийг эрдэмтэн судлаачид харилцан туршлага солилцох, инноваци, шинэ мэдлэгт суурилсан эдийн засгийг тэлэх, шинжлэх ухааны инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг дотоод, гадаадын зах зээлд гаргах, түгээн дэлгэрүүлэх, шинжлэх ухааны салбарын залуу судлаач, эрдэмтдийн эрдэм шинжилгээний суурь, ахисан түвшний судалгааны ажлыг дэмжих зорилгоор зохион байгууллаа.
Шинжлэх ухаан технологийн сангийн захирал, доктор Д.Энхжаргал хэлэхдээ, “Шинжлэх ухаан технологийн сан нь эрдэмтэн судлаачдын судалгааны ажлыг түгээн дэлгэрүүлэх чиг үүрэгтэй. Тиймээс хүрээлэнгүүд хамтарсан судалгаа хийх, Монголын шинжлэх ухаан, технологийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын үйл ажиллагааг нэмэгдүүлэх шаардлагатай.
Үүнээс гадна эрдэмтдийн оюуны өмчөөр баталгаажуулсан бүтээлийг нэвтрүүлэх, төрийн худалдан авалтад шууд гэрээ байгуулах ажил бага хийгдэж байна. Хэрэв эрдэмтэд болон гарааны компаниудын бараа бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд давуу эрх, давагдашгүй хүчин зүйл, оюуны өмчийг нь тооцоод явбал тэд бүтээгдэхүүнээ нийлүүлээд дараа нь хариуцлагаа хүлээх бүрэн боломжтой. Одоогийн байдлаар 184 төсөл хөтөлбөрт 15 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоод байна. Нийт 42 гарааны компани бүтээгдэхүүнээ гаргасан. Өнгөрсөн жил БСШУСЯ-тай хамтран Дарханд хөдөө аж ахуйн чиглэлийн инновацийн үзэсгэлэн зохион байгууллаа. Тухайлбал, будааны шинэ сорт, бордоо, үр, олон наст ургамал, хөдөө аж ахуйн эм бэлдмэл, хөлдөөсөн үр хөврөл зэрэг бүтээгдэхүүнийг дурдаж болно. Эдгээрийг тухайн газарт нь очиж танилцуулан нэвтрүүлбэл төр, хувийн хэвшил хамтран ажиллах боломжтой гэдгийг үзэсгэлэнгийн үр дүн харуулсан” гэв.
Энэ үеэр “Шинэ Монгол” технологийн дээд сургуулийн захирал Ч.Ганзориг “Нанотехнологи Монголд: Одоо ба ирээдүй” сэдэвт илтгэлдээ, “Монголын ЕБС, их, дээд сургууль төгссөний дараа гадаадад сурсан 10 судлаачийн 1-2 нь буцаж ирж байна. Тиймээс Монголд нано чиглэлийн гарааны компаниуд, аж үйлдвэрийн салбарын ажлын байр бэлтгэхэд засаг төр, хувийн хэвшил, их сургуулиуд онцгой анхаарах шаардлагатай. Нэг үе нано технологи Монголд хэрэггүй, хөрөнгө их шаардана гэдэг байсан бол сүүлийн жилүүдэд эрчимжиж байна. Монгол бол байгалийн болон биологийн баялгийн нөөцтэй. Тиймээс нано технологийн компаниудыг байгуулахад асуудалгүй” гэсэн юм.
Уулзалт хэлэлцүүлгээс Монгол эрдэмтэн, судлаач, инженер, шинийг санаачлагчдын оюуны өмчийг үнэлэх, биет бус хөрөнгөөр бүртгэх, хөрөнгө оруулалтын механизм бүхий орчинг бүрдүүлэх талаар зөвлөмж гаргаж холбогдох байгууллагуудад хүргүүлэх аж.
Ж.Болор
Гэрэл зургийг Н.Батбаяр