Сайн дурынхныг чадавхжуулах сургалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-06-21 12:39:44
Хэнтий /МОНЦАМЭ/ “Дэлхийн зөн” ОУБ-аас сайн дурын ажилтнуудыг нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжил дэвшилд тэдний оролцоог сайжруулах зорилгын дор  “Сайн дурынхныг чадавхжуулах сургалт”-ыг зохион байгууллаа.

Сургалтыг “Сайн дурын байгууллагуудын сүлжээ” ТББ-ын сургагч багш, Ерөнхий зохицуулагч Г.Тунгалагтуул удирдан явуулж, тус хөтөлбөрт харъяалагдах Өмнөдэлгэр, Хурх, Биндэр, Баян-Адарга, Хэрлэн сумын сайн дурын 20 ажилтан хамрагдсан юм.

Сургалтаар орон нутгийн хөгжилд иргэдийн сайн дурын оролцоог хэрхэн нэмэгдүүлэх, тогтвортой хөгжүүлэх, сайн дурын үйл ажиллагааны нийгмийн үр нөлөө, тэднийг хэрхэн үр дүнтэй удирдан зохион байгуулж, нийтэд тустай төсөл хөтөлбөрийг санаачлах талаар дэлгэрэнгүй чиглэл өгсөн байна.

Сургалтын үр дүнд оролцогчид орон нутагтаа төр засгийн хүрэлцэж чадаагүй тулгамдсан бага ч атугай асуудлыг шийдэж, сайн дурын үйл ажиллагаагаа өргөжүүлэх, өөрсдийн санаачлагаар мод тарих, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих төсөл бичих, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл нэгдэж, орон нутгийн удирдлагуудад дуу хоолойгоо хүргэх гэхчлэн олон ажлыг санаачлан хийх хүсэл эрмэлзлэлийг өвөртлөн гарсан аж.

Дашрамд дурдахад “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Бор-Өндөр-2 орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, Хүүхэд хамгааллын тусгай төслөөс Хэнтий аймгийн ГБХЗХГ, Цагдаагийн газартай хамтран энэ сардаа багтааж 17 сум, хоёр тосгоны 27 багийн гишүүдэд хамтарсан багийг чадавхжуулах бүсийн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Энэхүү арга хэмжээ нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн дагуу орон нутагт байгуулагдан, үүрэг хүлээн ажиллаж буй хамтарсан багийн гишүүдийг хамруулж, тэдний эрхзүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, туршлага солилцуулах зорилготой юм. Сургалтын үеэр Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хууль дүрмийн мэдлэг сорих тэмцээн, дөрвөн бүсийн гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулна.
Д.Одонтунгалаг
 

Холбоотой мэдээ