Зарим суманд өндөржүүлсэн бэлэн байдал тогтоогоод байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-06-25 18:12:32
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комисс малын гоц халдварт шүлхий өвчин гарч, тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан хорио цээрийн дэглэм тогтоосон Өгийнуур, Хашаат, Хотонт, Төвшрүүлэх, Цэнхэр, Батцэнгэл сум болон аймгийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийг 06 дугаар сарын 25-ны өдрөөс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэн ажиллуулж байна.

Өндөржүүлсэн бэлэн байдал гэдэг нь хорио цээрийн дэглэм тогтоосон болон зөвхөн алба, мэргэжлийн ангиудад хамааралтай бөгөөд энгийн иргэд өвчний голомт бүхий сумдаас өөр сум, суурин газар руу зөвшөөрсөн замаар явах, аялах, сүү, цагаан идээ, мах, түүхий эд зэргийг гарал үүслийн бичигтэйгээр зөөвөрлөж болох юм.

Өгийнуур, Хашаат, Батцэнгэл, Хотонт, Төвшрүүлэх, Цэнхэр сумдад малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбоотойгоор аймгийн төв Эрдэнэбулган сум, Ихтамир, Булган сумд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, постуудыг ажиллуулж байна.

Мөн аймгийн Засаг даргын 6-р сарын 25-ны өдрийн захирамжаар 19 сумын Засаг дарга нарт хурдан морины уралдаан, баяр наадам, олон нийтийг хамарсан арга хэмжээг хориглохыг үүрэг болголоо. Аймгийн баяр наадмыг зохион байгуулах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ