Л.Ичинхорлоо: Иргэдэд 2019 оноос хувьцааны ногдол ашиг тараахаар төлөвлөж байна

Монголын мэдээ | Эдийн Засаг
gantuya@montsame.mn
2018-06-26 13:19:50
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эрдэнэс Таван толгой” ХХК-ийн “Б” байранд “1072 хувьцааны мэдээллийн төв” өнгөрсөн 5 дугаар сарын 21-нээс ажиллаж эхэлсэн. Тус төвийн үйл ажиллагаа болон иргэдийн дунд хувьцаатай холбоотой зарим эргэлзээтэй асуудлуудын талаар “1072 хувьцааны мэдээллийн төв”-ийн мэргэжилтэн Л.Ичинхорлоогоос тодруулав.

-Иргэд 1072 хувьцаагаа хэрхэн шалгах боломжтой вэ? Үнэт цаасны хадгаламжийн данс нээх зайлшгүй шаардлагатай юу?
-Иргэд хувьцааны мэдээллээ Мэдээллийн төвд ирж  эсвэл 158989 тусгай дугаарт регистрийн дугаараа мессежээр илгээх, 1800-1072 утсаар лавлан асуух боломжтой. Мөн “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв”-ийн https://net.schcd.mn/registration/default.jsp сайтаас шалгаж болно. Хувьцаа эзэмшдэг бүх иргэд үнэт цаасны хадгаламжийн данс нээлгэх ёстой. Данс нээлгэсэн тохиолдолд л хувьцаа баталгаажиж, эргэлтэд орно. Хэрэв та данс нээгээгүй бол өөрийн хүссэн брокерын компанид хандан нээх боломжтой.

-Брокерын компаниа хэрхэн сонгох вэ,  Хичнээн брокерын компани үйл ажиллагаа явуулдаг юм бол?
-Монголд өнөөдрийн байдлаар 40 гаруй брокерын компани тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлж байна. Олон жил тогтвортой ажилласан компанийг сонговол илүү найдвартай.

-1072 хувьцаа хэзээнээс эргэлтэд орох вэ? Иргэд хувьцааны ашгаа хэзээнээс хүртэж эхлэх вэ?
-Засгийн газраас шийдвэр гаргаад “Эрдэнэс Таван толгой” ХК дотоодын Хөрөнгийн биржид бүртгэгдэн арилжаа эхлүүлбэл 1072 хувьцаа эргэлтэд орно. “Эрдэнэс Таван толгой” ХХК-ийн 2018 оны борлуулалтаас шалтгаалж иргэдэд 2019 оноос эхлэн ногдол ашиг тараахаар төлөвлөж байна.

-Зарим иргэдийн хувьцааны тоо ширхэг зөрүүтэй байгаа асуудал гарч байна. Үүнд тайлбар өгөөч?
-2011, 2012 онд оюутны сургалтын төлбөрийн 500 мянган төгрөг авсан хүн 0 хувьцаатай буюу хувьцаа эзэмшихгүй. Мөн хөгжлийн бэрхшээлтэй болон ахмадууд 1 сая төгрөгийн хувь хишиг хүртээсэн. Харин нэг жилийн сургалтын төлбөр болох 1 сая төгрөг авсан оюутнууд 536 ширхэг хувьцаатай байх ёстой. Түүнчлэн 2011 онд эрүүл мэндийн даатгалд 9 ширхэг хувьцаагаа зарцуулсан иргэд 1,063 ширхэг хувьцаа эзэмших юм.

-Нас барсан гэр бүлийн гишүүнийхээ хувьцааг өвлөж авах, шилжүүлэх боломжтой юу?
-Хувьцаа арилжаалж эхэлсний дараа зарах, өвлүүлэх, шилжүүлэх хөдөлгөөн хийж болно. Үүнээс наана боломжгүй. Нас барсан хүний тухайд регистрийн дугаарыг нь шалгуулж бүртгэлтэй хувьцааг нь арилжаанд орсны дараа шилжүүлэн авч болно.

-Насанд хүрээгүй хүүхдэд данс нээх боломжтой юу?
-Та өөрийн нээлгэсэн брокерийн компанид төрсний гэрчилгээг нь авч очоод нээлгэх боломжтой.

-Танай Төв нээгдээд удаагүй. Өдөрт хэр ачаалалтай ажиллаж байна вэ?
-Хувьцаагаа шалгах, мэдээлэл авах иргэдийн идэвх нэмэгдсээр байна. Өдөрт утсаар, биечлэн 40-50 иргэн хандаж мэдээлэл авч байна.

-Иргэд танай төвөөс ямар асуудлыг түлхүү сонирхож байна вэ?
-Хувьцаагаа шалгуулах, ногдол ашиг, брокерын ямар компанид хандах зэргийг сонирхож байна. 
Б.Халиун
Холбоотой мэдээ