"Шөнийн музей" үйл ажиллагаа хоёр дахь жилдээ болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
189@montsame.mn
2018-06-26 13:27:35
Дундговь/МОНЦАМЭ/ Дундговь аймгийн Музейгээс энэ сарын 30-ны өдөр “Шөнийн музей” үйл ажиллагааг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна. “Шөнийн музей” оройн 20 цагаас 24 цагийн хооронд үргэлжилнэ.

Үйл ажиллагааны үеэр Дундговь аймгийн Музейн арвин сан хөмрөг болох түүх, соёлын үзмэр, эд өлгийн зүйлс, Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзадын нэрэмжит Төв Халхын Дуулалт Жүжгийн театрын уран бүтээлчдийн язгуур урлагийн тоглолт болон уламжлалт зан үйлийг харуулсан жүжигчилсэн тоглолт, “Сэмүүн” студийн захирал Б.Баярын Монгол дахь хадны зургийн шилдэг үзмэрээс бүрдсэн "Монголын сая өдөр" фото зургийн үзэсгэлэн зэргийг үзэж сонирхох боломжтой юм.

Түүнчлэн соёлын өв болсон дэмбээний тэмцээн болох бөгөөд ирсэн зочдод мастер тогоочийн Монгол зоогоор үйлчлэх аж. Тус үйл ажиллагаанд ирснээр Дундговь аймагт үйлдвэрлэсэн нэрийн бүтээгдэхүүн, гар урчууд, уран дархчуудын бүтээсэн бэлэг дурсгалын зүйлсийг үзэж сонирхох боломжтой бөгөөд өв соёлын үзвэр үйлчилгээг нэг дороос авах боломжтойг зохион байгуулагчдын зүгээс онцолж байна.

“Шөнийн музей” үйл ажиллагааны тасалбарыг 15 мянга төгрөгөөр Дундговь аймгийн музейн кассаар худалдаалж байна.
Б.Ундармаа
Холбоотой мэдээ