Америк-Оросын харилцаанд сөргөлдөөн бага байгаасай хэмээн хүсдэг

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
172@montsame.mn
2018-06-27 09:00:00
ВАШИНГТОН. /ТАСС/. “Европ дахь АНУ-ын холбоотон орнууд Орос, Америкийн эрх баригчид бага сөргөлдөөсэй хэмээн хүсдэг тухайгаа АНУ-ын засаг захиргаанд байнга сануулдаг” гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Европ болон Евразийн асуудал хариуцсан туслах Уэсс Митчелл Сенатын гадаад хэргийн асуудал эрхэлсэн хороонд үг хэлэхдээ мэдэгджээ.
 
“ОХУ болон АНУ-ын харилцаанд нийтлэг ашиг сонирхол бүхий салбарт хамтран ажиллах болон АНУ-ын эрх ашиг хийгээд үнэт зүйлсийг Оросын эрх баригчдын сонорт хүргэх асуудал тэнцвэртэй байгаасай хэмээн Европ бүхэлдээ хүсдэг юм. Харин бид Орос, Америкийн эрх баригчдад хамтран ажиллах олон салбар байгаа гэдэгт төдийлөн итгэдэггүй” гэж Уэсс Митчелл тэмдэглэсэн байна.
 
Өнөөгийн байдлаар АНУ болон Европын харилцаа хямралд ороод байгаа бөгөөд сар ирэх тутам байдал хүндэрч байгаа тухай АНУ-ын Сенатад болсон уг сонсголын үеэр Ардчилсан намаас сонгогдсон сенатч Крис Мерфи анхааруулаад, “АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Европын холбоотнуудаа эдийн засгийн түнш бус харин сөргөлдөгч хэмээн хүлээн авч, Европтой худалдааны дайн дэгдээж байгаа нь сөрөг үр дагавар үүсгэх магадлалтай юм” гэж анхааруулжээ.
 
Лу.Батбаяр

Холбоотой мэдээ