Соёлын биет бус өвийн аймгийн наадамд 176 өв уламжлагч оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2018-07-03 11:32:25
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Зуунмод суманд зохион байгуулагдсан “Соёлын биет бус өвийн анхдугаар наадам” хоёрдугаар шатны шалгаруулалтад аймгийн 27 сумаас шалгарсан шилдэг 176 өвлөн уламжлагч оролцлоо.

Монгол Улсын Засгийн газар, БСШУСЯ-ны сайдын тушаалаар “Соёлын биет бус өвийн наадам”-ыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, өвлөн уламжлагчийг тодруулах, алдаршуулах, авьяас билгийг нээн хөгжүүлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор наадмын эхний шатны шалгаруулалтыг Төв аймгийн 27 суманд зохион байгуулж, нийт 570 гаруй соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч оролцсон юм.

Хоёрдугаар шатны наадам таван ай савын хүрээнд эх хэл, аман уламжлал, ардын язгуур урлаг, уламжлалт гар урлал, зан үйл, ёслол баяр наадам, байгалийн болон сав ертөнцийн тухай мэдлэг, зан заншил, уламжлалт арга технологи сэдвийн хүрээнд зохион байгуулагдав. Мөн энэ үеэр Зуунмод сумын Мөнх-Алдарын талбайд уламжлалт гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн дэлгэгдсэн юм.

Наадмын дараагийн шатны арга хэмжээ ирэх сарын 11-15-ны өдрүүдэд “Хүй долоон худаг”-т зохион байгуулагдах бөгөөд 21 аймаг, 9 дүүргийн өвлөн уламжлагч отог, аймгийн зарчмаар байрлаж, үндэсний ахуйн орчныг бүрдүүлж, олон нийтэд сурталчлан, уран бүтээлээ толилуулах аж.

Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ