Хилари: АНУ Иранд дахин хориг арга хэмжээ авахад бэлэн

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-12-07 10:18:03

ВАШИНГТОН. /Sputnik/. Иран ямар нэг өдөөн хатгалга хийвэл АНУ дахин хориг арга хэмжээ авахад бэлэн байна гэж тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Хилари Клинтон мэдэгдэв.

АНУ Израилтай хийж буй харилцаагаа бэхжүүлэх болсонтой холбогдуулан Иран бүс нутагтаа илүү түрэмгий бодлого баримтлах боллоо гэж тэрбээр өчигдөр хийсэн мэдэгдэлдээ дурджээ. Мөн тэрбээр, Сири, Ливан, Йемен болон бусад улсын буруу гарынханд Иран дэмжлэг үзүүлж байна гэж мэдэгдсэн байна.

Цөмийн зэвсэг боловсруулж байна гэж Өрнөдийн орнууд Иранд хориг арга хэмжээ авсан билээ. Харин өнгөрсөн долдугаар сарын 14-нд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван орон болон Герман /5+1/ Ирантай цөмийн гэрээ байгуулсан. Уг гэрээний хүрээнд Ираны цөмийн хөтөлбөрийг хязгаарлаж, хариуд нь тус улсад авсан хориг арга хэмжээг цуцлахаар тохиролцсон байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ