Хятадын эрдэмтэд элэгний хавдрыг оношлох шинэ аргыг олжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
ayanzaya@montsame.gov.mn
2018-07-10 20:30:49
БЭЭЖИН. /ТАСС/. Хятадын эрдэмтэд элэгний хорт хавдрын шинэ маркерийг олсны үндсэн дээр уг өвчнийг оношлох шинэ аргыг нээсэн тухай "Синьхуа" агентлаг мэдээллээ.
 
Элэгний хорт хавдар нь дэлхийд хамгийн их тархсан, үхэлд хүргэдэг хамгийн аюултай өвчнүүдийн нэг юм. Оношилгоо хийх үед ихэнх өвчтөнүүдийн хувьд хорт хавдар нь сүүлчийн шатандаа орсон байдаг. Иймээс элэгний хавдрыг эрт үед нь оношилсноор өвчтөнүүдийн насыг уртасгах боломжтой.  
 
Хавдрын эхний үе шатыг нуклеотидын дараалал нь алдагдагдаагүй ДНХ-ийн өөрчлөлтийн үзүүлэлтээр илрүүлдэг байна. Шанхай хотын Хоол тэжээл, эрүүл мэндийн хүрээлэнгийн эрдэмтэд янз бүрийн өвчтөнүүдийн хувьд уг өөрчлөлтийн үзүүлэлтүүдэд шинжилгээ хийсэн байна. Судалгаанд элэгний хорт хавдартай 375 хүн, эрүүл элэгтэй 50 хүн, өөр төрлийн хорт хавдраар өвчилсөн 3780 хүнийг хамруулжээ.
 
Энэхүү судалгааны үр дүнд Хятадын эмч нар элэгний хорт хавдрыг оношлох биомаркеруудыг олж нээн, улмаар өвчний явцыг урьдчилан таамаглах загварчлалыг бий болгосон байна. Загварчлалын судалгааны үр дүн нь 92 хувьтай байжээ. Ингэснээр ирээдүйд элэгний хавдрыг эрт оношлох шинэ шийдлийг олсон байна. 
 
Хятадын эрдэмтдийн судалгааг Genome Medicine сэтгүүлд нийтэлжээ.  
 
Э.Аянзаяа

Холбоотой мэдээ