"ДАШТ-2022" тэмцээний бамбарыг Катарт шилжүүлэн өглөө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
nyamtulga@montsame.gov.mn
2018-07-16 13:30:45
twitter.com/Nyamkanmk
МОСКВА. /Fifa/. Хөл бөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах үүргийг ОХУ-аас Катарт шилжүүлэн өгөх арга хэмжээнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Катарын Эмир Тамим бин Хамад аль-Тани, Олон улсын хөл бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Жанни Инфантино нар оролцлоо.

Тухайн арга хэмжээ Кремлин ордны Георгийн Их танхимд болсон байна. Арга хэмжээний үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "ДАШТ-2018" тэмцээний хасагдах шатанд хэрэглэж байсан "АДИДАС" брэндийн “Телстар Мечта” бөмбөгийг өөрийн биеэр индэр дээрээс авч Катарын Эмирт гардуулан өгчээ. Дараагийн буюу 22 дахь удаагийн хөл бөмбөгийн ДАШТ 2022 оны 11 дүгээр сарын 21-нээс 12 дугаар сарын 18-ны хооронд Катарт болно.

"ДАШТ-2018" энд хүрээд өндөрлөлөө. Тус тэмцээний бамбарыг ОХУ-аас Катарт шилжүүлэн өгөх ёслол өнөөдөр тохиож байна. Энэхүү гайхалтай тэмцээнийг үздэг, сонирхдог бүх хүний сэтгэлд хүрэхийн төлөө хийсэн бүхнээрээ бид бахархаж байна. Дэлхийн хөл бөмбөгийн байгууллагууд болон дэлхийн өнцөг булан бүрээс ОХУ-д хүрэлцэн ирсэн зочид, үзэгчдээс бид асар их талархал хүлээн авлаа. Дараагийн ДАШТ-ийг Катарын нөхөрсөг ард түмэн мөн онцгой зохион байгуулна гэдэгт итгэлтэй байна” гэж арга хэмжээний үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Путин мэдэгдэв.

Харин Олон улсын хөл бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Жанни Инфантино хэлэхдээ, “Ноён Ерөнхийлөгчөө би өнөөдөр маш их баяртай байна. "Тавтай морил эрхэмсэг нөхдөө” хэмээн орос, англи, араб хэлээр хэлээд, “эдгээр үг биднийг бүтэн сарын турш дагалдан явсан бөгөөд цаашлаад ирэх дөрвөн жилийн хугацаанд мөн дагалдан явах болно. Хөл бөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах бамбарыг шилжүүлэн өгөх арга хэмжээг Кремлийн ордонд зохион байгуулж байгаа нь асар их хүнтэтгэл юм” гэв.

Мөн тэрбээр “хөл бөмбөг нь хүсэл, сэтгэл хөдлөл, хайр, гэр бүл, эв нэгдэл гэсэн сайхан зүйлсийг агуулдаг бөгөөд бид энэ бүхнийг ОХУ-д мэдэрсэн бол одоо бид энэ сайхан бүхнийг Катарт шилжүүлэн өглөө. ОХУ-д бидний харж мэдэрсэн сайхан, эерэг энерги бүхнийг Катарт мөн адил мэдэрнэ гэдэгт би итгэлтэй байна. Бид ОХУ-д хайртай болсон. Хүн бүрийг Катарт урьж байна” гэж мэдэгджээ.

Харин Катарын Эмир Эмир Тамим бин Хамад аль-Тани хэлэхдээ, “үнэхээр гайхалтай ДАШТ-ийг зохион байгуулсан ОХУ болон таньд баяр хүргэе. Дараагийн ДАШТ-ийг зохион байгуулахад “Russia 2018” тэмцээнийг Зохион байгуулах хорооны гишүүд туслалцаа үзүүлж байгаад мөн талархал илэрхийлмээр байна. “Үүний зэрэгцээ ДАШТ-2022 тэмцээнийг эх орондоо зохион байгуулах болсон нь Катарын хувьд маш чухал түүхэн үйл явдал болох юм. Энэхүү нэр хүндтэй үүргийг хүлээн авсан нь Арабын ертөнц даяар баяр хөөр авчирсан. Бид ОХУ-ын энэ амжилтыг давтана, магадгүй илүү сайн зохион байгуулна гэж найдаж байна.” хэмээн тэрбээр мэдэгдэв.
Д.Нямтулга
 
 

Холбоотой мэдээ