ИЗНН-ынхан АН-тай нэгдэхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-12-07 17:35:04

Иргэний Зориг Ногоон Нам, Ардчилсан Намтай нэгдэх гэж байна гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсантай холбогдуулж тус намаас мэдэгдэл гаргалаа.

Мэдэгдэлд, "Уг мэдээлэл нь огт үндэслэлгүй бөгөөд нэг нам нь нөгөө намынхаа хууль ёсны эрх, бие даасан байдалд халдсан улс төрийн соёлгүй, бүдүүлэг алхам болж байна.ИЗНН-ын зүгээс АН-тай нэгдэх талаар албан ёсны ямар нэгэн яриа хэлцэл явагдаагүй бөгөөд АН ч ИЗНН-д нэгдлийн талаар албан ёсны байр сууриа илэрхийлээгүй.

Худал мэдээллийн хор уршгаар манай намын гишүүд хот, хөдөөнөөс нэгдэхгүй гэдгээ илэрхийлэн утсаар ярих, асуух, бухимдах, албан бичиг явуулж, улмаар намын удирдлагадаа эргэлзэх хандлага ч гарч байгаа нь манай намын эв нэгдэл, дотоод ардчилалд хор уршиг тарьж байна. Ийд ИЗНН-аас АН-д хандаж дараах шаардлагыг хүргэж байна.

Үүнд:

1. Засгийн эрхийг баригч Ардчилсан Нам улс төрийн бусад намын дотоод хэрэгт хууль бусаар оролцоход цагаа зарцуулах бус харин 2012 оны сонгуульд амалсан амлалтаа биелүүлэхийн тулд улам шаргуу ажиллах ёстой гэж манай нам үзэж байна.

2. АН-ын удирдлага улс төрийн намын бие даасан байдалд хууль бусаар халдсан энэхүү бүдүүлэг, эрээ цээргүй үйлдлээ таслан зогсоож, ИЗНН-ын гишүүдээс  уучлал хүсэхийг шаардаж байна.

 Цаашид энэ үйлдлээ үргэлжлүүлбэл ИЗНН “Улс төрийн намуудын тухай” Монгол Улсын хуулийн дагуу холбогдох байгууллагад хандах болно" гэжээ.

Б.Туул

Холбоотой мэдээ