БНХАУ-ын дарга Руандад айлчиллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.gov.mn
2018-07-23 11:20:40
twitter.com/Nyamkanmk
КИГАЛИ. /Xinhua/. БНХАУ-ын дарга Си Жиньпин өчигдөр Руандад айлчлал хийснээр тус улсад айлчилж буй БНХАУ-ын анхны дарга болж байна.

БНХАУ-ын дарга Си Жиньпин, түүний гэргий Пэн Лиюань болон Хятадын төлөөлөгчдийг Руандагийн Ерөнхийлөгч Пол Кагаме, тэргүүн хатагтай Жаннет Кагаме нар халуун дотно хүлээн авсан байна. Үүний зэрэгцээ өвөрмөц угсаатны онцлог бүхий хувцастай иргэд бөмбөр тоглож, үндэсний бүжгээ бүжиглэн хүлээн авах ажиллагааг чимжээ.

БНХАУ-ын дарга Си Жинпинь Руандагийн Ерөнхийлөгч Пол Кагаметэй уулзалт хийхдээ, уламжлал ёсоор улсынхаа Засгийн газар, ард иргэдийн нэрийн өмнөөс Руандагийн Засгийн газар, ард иргэдэд мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхныг хүсэн ерөөв.

Мөн тэрбээр Раундад айлчилж буй БНХАУ-ын анхны дарга болж байгаагаа онцлон тэмдэглээд, Руандад газардсан тэр мөчөөс тус улсын Засгийн газар болон ард иргэдийн найрсаг харилцааг мэдэрч эхэлсэн гэж мэдэгджээ.

Үүний зэрэгцээ тэрбээр, 47 жилийн өмнө БНХАУ болон Руанда хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр улс үргэлж бие биенээ хүндэтгэж, тэгш харилцаатай байсаар ирсэн гэж мэдэгдээд, энэ хугацаанд хоёр улсын харилцаа тогтмол хөгжсөөр байгааг дурдав.

Мөн тэрбээр, 2017 оны гуравдугаар сард Пол Кагамегийн БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр хоёр улсын харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал бодлоо солилцсон тухайгаа дурдаад, жил гаруйн хугацаанд хоёр улсын төрийн тэргүүн харилцан айлчлал хийж байгаа нь хоёр улсын харилцаа ямар түвшинд байгааг харуулж байна гэж мэдэгджээ.

Харин Руандагийн төрийн тэргүүн Пол Кагаме улсынхаа Засгийн газар, иргэдийн нэрийн өмнөөс БНХАУ-ын дарга Си Жиньпин, Засгийн газар, ард иргэдэд мэндчилгээ дэвшүүлээд, БНХАУ-ын даргын айлчлал хоёр орны найрсаг хамтын ажиллагааг улам бүр хөгжүүлэхэд чухал үүрэгтэйг гэж онцлон тэмдэглэв.
 
Д.Нямтулга
Холбоотой мэдээ