60 жил нутагшсан алим тариалалтад шинэ сорт гаргах боломж байгааг мэргэжилтнүүд онцолжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-07-25 09:53:27
Ховд/МОНЦАМЭ/ Монголын жимс, жимсгэний үндэсний холбооны тэргүүн Д.Насанжаргал, ХААИС-ийн багш Д.Хандсүрэн,  н.Ганболд, Горно-Алтайн жимс жимсгэнэ, гоёлын мод үржүүлгийн газрын дэд захирал Фидаев Алексей Сергейвич нар Ховд аймгийн Булган суманд энэ сарын 22-нд  ажиллалаа.
Тэд жимс тарьдаг иргэдтэй уулзаж, алим жимсний тариалалтын өнөөгийн нөхцөл байдал, үржүүлэг хийх боломж цаашид нутагшсан шинэ сорт гаргах талаар санал солилцож, судалгаа хийжээ.
Тус аймгийн Булган суманд 60 жил нутагшин ургаж байгаа алим жимсийг цаашид өсгөн үржүүлэх, шинээр хэд хэдэн сорт тариалах боломж байгааг мэргэжилтнүүд онцлов. Монгол оронд алим жимсний тариалалтыг өргөн хүрээтэй хөгжүүлэх үндэс суурийг Ховдын Булганаас эхэлж дэлгэрүүлэх, эрдэм шинжилгээний ажил туршилтуудыг эрчимтэй хийх боломж байгааг энэ уулзалтаар  дурдлаа. 
Жимсчдэд тулгарч байгаа хөрөнгө мөнгөний болон урт хугацааны зээл, санхүүгийн  дэмжлэг олдохгүй байгаа тулгамдсан асуудлыг тэд  төр засгийн сонорт хүргэхээ амлаж, харилцан санал бодлоо солилцов.
 
А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ