Дэлхийн Шинкиокушинкай каратэгийн холбооны ерөнхийлөгч туршлага хуваалцана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
nandintsetseg@montsame.gov.mn
2018-07-26 15:05:45
NandiaMontsame
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Дэлхийн Шинкиокушинкай каратэгийн холбооны Ерөнхийлөгч, Фулл контакт каратэгийн дэлхийн аварга, хамгийн техниктэй тамирчин хэмээгддэг шихан Кенжи Мидори, Дэлхийн Шинкиокушинкай каратэгийн холбооны Гүйцэтгэх захирал шихан Я.Кой нар монгол тамирчдад туршлага хуваалцахаар хүрэлцэн иржээ.

Тодруулбал тэд энэ сарын 26, 27-ны өдрүүдэд Монголын Шинкиокушинкай каратэгийн холбоо /МШККХ/-ны 2018 оны зуны цугларалтад оролцож, 90 гаруй монгол тамирчдад арга зүйн зааварчилгаа өгөн, 2020 онд Монгол Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах нөөц боломжийг судлах зорилготой байгаа аж. 

Дэлхий дахинд Шинкиокушинкай каратэг “Хүчний каратэ” гэж нэрлэдэг. Япон хэлэнд киокушин гэдэг нь жинхэнэ, үнэн гэсэн утгыг илэрхийлдэг бөгөөд уг спортын гол зорилго сургалтаар дамжуулан өөрийгөө сорьж тэсвэр тэвчээр, дэг жаяг, сэтгэл зүйгээ өндөр төвшинд сайжруулах явдал ажээ.

Манай улс 2014 онд Дэлхийн Шинкиокушинкай каратэгийн холбооны гишүүнээр элссэн бөгөөд нийслэл болон орон нутгийн 15 салбар клубд 260 гаруй тамирчин хичээллэж байна. Манай улсад уг спорт нь харьцангуй сүүлд дэлгэрсэн боловч Монголд Шинкиокушинкай каратэг түгээн дэлгэрүүлж, түүгээр дамжуулан хүүхэд залуучуудад бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох, олон улс, тив дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тамирчдыг бэлтгэхэд анхаарч буйгаа МШККХ-ны тэргүүн Б.Гомбогэрэл онцлов.

Тэрбээр “Манай холбоо байгуулагдсан цагаас эхлэн жил бүр улсын аварга шалгаруулах тэмцээн, өвөл, зуны цугларалт, бүсны зэрэглэл дээшлүүлэх семинар, сургалтыг тогтмол зохион байгуулдаг бөгөөд тамирчид олон улсын тэмцээн, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд тогтмол оролцож тодорхой амжилтуудыг үзүүлж байна. 2016 онд Казакстан улсын Астана хотноо зохион байгуулагдсан "Астана кап" олон улсын тэмцээнээс тамирчин Т.Баярхүү мөнгөн медаль, мөн тухайн оны 8-р сард Япон улсын Токио хотноо болсон "Каратэ Дрийм" олон улсын тэмцээнд тамирчин Э.Буянбат алтан медаль хүртэсэн. Мөн олон улсын цугларалт сургалтанд манай тамирчид тогтмол хамрагдаж,  сүүлийн 2 жилийн дотор 11 тамирчин дэлхийн Шинкиокушинкай каратэгийн холбооны мастер, хар бүс 1-р дан цол хүртсэн” хэмээв.

“Каратегийн түүх 19-р зууны үед Окинавагаас эхлэлтэй бөгөөд Кара-хоосон, Тэ-гар гэсэн хоёр ханзнаас бүтдэг буюу зэвсэггүй гар гэсэн утгатай. Каратэ цохилт, хөлөөр өшиглөх, хамах болон хаалтын техникүүдээр тодорхойлогддог. Шинкиокушинкай каратэгийн нэгэн том онцлог бол фулл буюу бүтэн контакт каратэ. Энэ нь ямар нэгэн хамгаалалт, бээлий гэх мэт зүйлсийг хэргэлэлгүйгээр  тулалдах урлаг гэж ойлгож болно. Шинкиокушинкай бол хүмүүжил, тэсвэр тэвчээр, дэг жаяг, сэтгэл зүйн өндөр төвшин.  Японд энэ спортоор 3-75 насны хүмүүс хичээллэдэг. Харин би 14 наснаасаа хойш өдийг хүртэл хичээллэж байна. Анх тулалдаж, бяр хүчээ гайхуулахыг илүүд үздэг байсан бол одоо урлаг хэмээн хүндэлж, хайрладаг” хэмээн Дэлхийн Шинкиокушинкай каратэгийн холбооны Ерөнхийлөгч шихан Кенжи Мидори онцлов.
 
 
Холбоотой мэдээ