Шинэ пуужин угсарч буйн шинж тэмдэг байгааг тогтоосон тухай мэдээлжээ

Дэлхийд | Улс төр
172@montsame.mn
2018-07-31 10:53:56
ВАШИНГТОН. /ТАСС/. БНАСАУ тив алгасагч анхны пуужингуудаа үйлдвэрлэж байсан үйлдвэр дээрээ шинэ пуужин угсарч буйн шинж тэмдэгийг АНУ-ын тагнуулын албад тогтоосон тухай даваа гарагт The Washington Post сонин Америкийн тагнуулын байгууллагууд дахь эх сурвалжуудаа иш татан мэдээлэв.
 
Умард Солонгосын нийслэл Пхеньян хотоос холгүй орших үйлдвэрлэлийн цогцолбор дээр шингэн түлшээр ажилладаг тив алгасагч хоёр шинэ пуужин бүтээж буй тухай таамаглал байгаа ажээ. Сүүлийн хэдэн долоо хоногийн турш явуулсан ажиглалт, сансраас авсан гэрэл зургуудад үндэслэн Америкийн тагнуулын албад зохих дүгнэлтийг хийж байгаа юм байна.
 
“Тагнуулын албадын цуглуулсан мэдээлэл нь БНАСАУ цөмийн хөтөлбөрөө өргөжүүлж буйг бус харин тус улс орчин үеийн зэвсэг зохион бүтээх, угсрах ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгааг харуулж байна. БНАСАУ-ын зүгээс нүүрлэх цөмийн аюул заналхийлэл үгүй болсон тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэнээс хойш ийм үйл явдал өрнөж байгаа юм”  гэж дээрх сонинд онцолжээ.
 
Энэ оны зургадугаар сарын 12-нд Сингапурт болсон дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нар хамтарсан баримт бичигт гарын үсэг зурсан юм. Уг баримт бичигт Умард Солонгосын эрх баригчид Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулахад бэлэн байгаагаа илэрхийлж, хариуд нь АНУ-ын засаг захиргаа тус улсад аюулгүй байдлын баталгаа өгөх үүрэг хүлээсэн билээ.
 
Лу.Батбаяр

Холбоотой мэдээ