Өвөрхангай аймагт иргэдийн газар өмчлөл 17 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-08 14:42:45

2015 онд газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөөр 1311 иргэнд 111.9 га газрыг өмчлүүлэх байснаас төлөвлөгөөг 57 хувьтай биелүүлсэн байна.

Тухайлбал 537 иргэнд 52.3 га газрыг гэр бүлийн хэрэгцээнд зориулан шинээр өмчлүүлж, 211 иргэн эзэмшиж байгаа хашааны газраа өмчлөн авсан бол улсын чанартай авто замын дагуу  0.03 га газрыг 1 иргэнд өмчлүүлсэн байна.

Аймгийн хэмжээнд нийт 20023 иргэнд 1842.3 га газар өмчлүүлээд байгаа нь аймгийн нийт иргэний тоонд харьцуулахад 17.8 хувьтай байгаа хэдиий ч улсын дунджаас 6.8 хувиар дээгүүр үнэлгээтэй байгаа аж. 2015 онд 1586 иргэн  өмчилсөн газраа улсын бүртгэлд бүртгүүлэн арилжааны банкинд барьцаалж 7.3 тэрбум төгрөгийн зээл авч газраа эдийн засгийн эргэлтэнд оруулсан байгаа юм.

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 9,7 га газрыг үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зориулалтаар, төсөвт байгууллагад 5,3 га газрыг, нийтийн орон сууцны зориулалтаар 2,4 га газрыг тус тус эзэмшүүлснээр барилга байгууламжийн дэвсгэр газрын төлөвлөлт 61 хувиар биелжээ.

Барилгын материалын үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих хүрээнд 5.6 га газрыг 7 аж ахуйн нэгж, 4 иргэнд төслөөр эзэмшүүлсэн байна. Мөн аялал жуулчлалын зориулалтаар 1 га газар, малчдын өвөлжөө, хаваржааны зориулалтаар 42.4 га газрыг эзэмшүүлж гэрчилгээжүүлсэн байна.

Б.Батчимэг

 

Холбоотой мэдээ