Өмнөд Солонгос байгаль орчинд ээлтэй нэг сая автомашин үйлдвэрлэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
jargal@montsame.mn
2015-12-08 15:06:56

ТОКИО. /RIA Novosti/. Өмнөд Солонгосын эрх баригчид агаар мандалд хаягдаж байгаа озоны давхаргыг гэмтээгч хорт бодисын хэмжээг бууруулах хөтөлбөрийн хүрээнд 2020 он гэхэд байгаль орчинд ээлтэй нэг сая гаруй автомашин үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Энэ тухай тус улсын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний сайд мэдэгджээ.

Түүний мэдээлснээр, 2016-2020 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөнд цахилгаан хөдөлгүүртэй автомашин болон устөрөгчийн хос хөдөлгүүртэй автомашиныг боловсронгуй болгох, өртгийг нь бууруулах, өрсөлдөх чадварыг нь сайжруулах хөтөлбөрийг боловсруулахад таван жилийн хугацаанд 150 тэрбум хүртэл воны /127.5 сая доллар/ хөрөнгө оруулах тухай тусгасан байна.

Өмнөд Солонгосын Засгийн газар баталж, Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яамны цахим хуудсанд нийтэлсэн уг шинэ төлөвлөгөө нь  2030 он гэхэд амралт сувиллын Чежудо аралд бүх тээврийн хэрэгслийг байгаль орчинд ээлтэй автомашинаар солих тус улсын Ерөнхийлөгч Пак Гын Хегийн санаачилгыг хэрэгжүүлэхэд хэсэгчлэн чиглэгджээ.

Шинэ төлөвлөгөө нь агаар мандал дахь хорт хийн хаягдлыг 2020 он гэхэд жилд 3.8 сая тонноор бууруулна гэж Өмнөд Солонгосын Засгийн газар үзэж байна. Үүнээс гадна, тус улсын эрх баригчид таван жилийн дараа байгаль орчинд ээлтэй 600 мянга хүртэл автомашиныг гадаадад худалдахаар, мөн 18 триллион воны /15 орчим тэрбум доллар/ өртөг бүхий ийм автомашинуудыг дотоодын зах зээлд гаргахаар төлөвлөжээ.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ