Дарханы урчууд 30 жилийн дараа нийслэл хотноо үзэсгэлэнгээ гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-08-07 02:54:59
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Найрамдлын Дархан хотын зураач урчуудын уран бүтээлийн үзэсгэлэн нийслэл хотноо гаргалгүй 30 жил завсарласны дараа Монголын Урчуудын Эвлэлийн төв танхимын "АРТ ГАЛЕРЕЙ"-д бүтээлээ толилууллаа. Үзэсгэлэнд Дарханы 40 гаруй уран бүртээлч уран зураг, зураасан зураг, уран баримал, сийлбэр, цаасан хайчилбар, алт мөнгөөр цутгаж ширгээсэн бурхан, шүтээн, гоёлын эдлэл хэрэгсэл, зээгт наамал, эсгий урлал, уран хатгамал, орчин үеийн контемпорари инстоляци төрлийн 109 бүтээлээ дэлгэн тавьжээ.

7 дугаар сарын 29-өөс 8 дугаар сарын 06-ны өдрүүдэд болсон тус үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Монголын Урчуудын Эвлэлийн Хорооны дарга, зураач, профессор Б.Төмөрбаатар хэлсэн үгэндээ: “-Дарханы урчууд олон  өнгө төрхтэй, уламжлал шинэчлэлээ хослуулсан шинэлэг төрөл хэлбэрийн бүтээлүүд авчирчээ. Орчин үеийн сэтгэлгээний уран зураг, орон зайн нийлмэл үзүүлбэр, баримал, сийлбэр зэргийг туурвисан нь аргагүй л залуучуудын хот гэдгээ батлан харуулж байна” хэмээн онцолжээ.

Найрамдлын хотын зураач, урчуудын үзэсгэлэнг Урлагийн Гавъяат зүтгэлтэн Г.Дунбүрээ, Б.Донров, С.Цогтбаяр болон УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын олон нэр хүндтэй зочид, урлаг, соёлынхон ирж сонирхсоор байна.

Бурхантын хөндий нутгаас ажил амьдралын гараагаа эхлүүлсэн Дарханы уугуул хүмүүсийг төлөөлөн сэтгүүлч, эрдэмтэн Г.Төртогтох мэндчилгээ дэвшүүлж:“-Тэртээ жараад онд Дархан хотыг бүтээн босгосон анхдагч илгээлтийн эздийн нэг гэдгээрээ би бахархаж явдаг. Зураач урчуудын үзэсгэлэнг үзээд залуу насаа дурслаа” гэв.

Үзэгчид хамгийн их таашаан сонирхсон зарим бүтээлүүдийг дурдвал зураач Д.Батмөнхийн "Уул усны эзэн савдаг", "Шийдвэрлэх тулаан", "Гурван Сайханы Ёлын ам" том хэмжээний зургууд, Ц.Намдагийн “Эзэнт гүрний мэлмий” уран зураг, “Буриад Зон” инсталяци төрлийн бүтээлийн өмнө үзэгчид дүүрэн байсан бол зураач Г.Эрдэнэбатын “Бурхан уулын бараа”, Н.Хишигбаатарын “Ижий дэлхий”, С.Мөнгөнзулын “Таван эрдэнэ”, барималч Д.Буяндалайн “Номч гүүш” хөрөг баримал, сийлбэрч Г.Эрдэнэтөгсийн “Удам”, зураач В.Энхболдын “Бурхантын хөндийн дууль”, С.Амгалангийн “Омогшил”, Б.Отгонбаярын “Алаг морь”, Б.Төмөрхуягийн “Бөртэ чино” цаасан хайчилбар, Ц.Цэндийн “Дээд үзэхүй”, Г.Гантулгын “Цагаан өвгөн”, уран дархан С.Мөнхбаатарын “Ногоон дарь эх” цутгамал, Д.Түмэнжаргал, Н.Мөнгөнбаяр нарын “Найрын сөн” их гарын алтадсан мөнгөн аяга зэрэг бүтээлүүдийг үзэгчид гойд сонирхсон тухай тус үзэсгэлэнг зохион байгуулсан салбар зөвлөлийн гишүүн, МУСГЗ, сэтгүүлч, зураач Ө.Рагчаасүрэн хэлж байлаа.

Тэрээр “Найрамдлын хотын зураач урчуудын байгууллага нь Бурхантын хөндий нутагт шинэ хотын суурийн тавих үед л хамт үүссэн. Зураачдын холбоог “Хатгамалч эмэгтэй” зургаараа алдаршсан, Монголын нэрт зураач Ц.Жамсран санаачлан анх байгуулсан түүхтэй. Зураач барималч Ү.Болд надад уран зургийн хичээл анх зааж байлаа. Дарханы урчуудын холбоо одоо эгнээндээ 42 гишүүн уран бүтээлчтэй. Миний хувьд зураач, урчуудын холбоогоо нөхдийн хамт шинэчлэн байгуулсаны зэрэгцээ дэлхийн сонгодог орчин үеийн уран зурагт судалгаа хийж, “Эсээний галерей” цуврал ном гаргаж байсан. Тус үзэсгэлэнд “Пикассо ирлээ” номоороо оролцсон. Удахгүй шинэ номоо өлгийднө” гэв.  

Үзэсгэлэнд бүтээлээ дэлгэсэн Дарханы урчуудын дундаас зураач, барималч Д.Батмөнх МУЭ-ийн дээд шагнал "Тэргүүний уран бүтээлч" цол тэмдгээр энгэрээ мялааж, зураач сийлбэрч Г.Эрдэнэтөгс, уран дархан С.Мөнхбаатар, Д.Түмэнжаргал, Н.Мөнгөнбаяр нар “Соёлын Тэргүүний Ажилтан” цол тэмдгээр шагнуулжээ.
 
Л.Отгонбаатар
 
 
Холбоотой мэдээ