Урд чиглэлийн төмөр замын хөдөлгөөнийг өнөөдөр нээхээр ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-08-13 09:58:07
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Цомог-Айраг өртөөний замд замаасаа гарч осолдсон Улаанбаатар-Сайншандын чиглэлийн суудлын 286-р галт тэргийг босгож төмөр замыг сэргээн засах ажлыг ид хийж байна.
УБТЗ ХХН-ээс мэдээлснээр 328 зорчигчтой явсан уг галт тэрэгний зүтгүүр унаж, 4 вагон замаас гарсныг өчигдөр оройн 20.00 цагийн байдлаар зүтгүүрийн нэг секц, 4 вагоныг замаас холдуулж сэргээн босголтыг ажлыг шуурхай хийх үүднээс ОХУ-аас өчигдөр шөнө нэмэлт хүч ирэн, сэргээн босголтын галт тэрэг, техникийн хүчээр төмөр замыг засч сэргээн өнөөдрөөс хөдөлгөөнийг нээхээр төлөвлөн ажиллаж байна. Сэргээн босгох ажилд 200 гаруй төмөр замчин, Зүүнбаянгийн цэргийн ангийн 2 танк зэрэг хүн хүч, техник оролцож өдөр шөнөгүй шаргуу ажиллаж байгаа талаар УБТЗ ХХН-ээс мэдээллээ. Мөн Дорноговь аймгийн ОБГ, цагдаагийн байгууллага, Зэвсэгт хүчний 281, 336 дугаар анги, Сайншанд хотын болон Говьсүмбэр аймгийн Төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалттай гал унтраах анги, Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газар, Төмөр замын байгууллагын ажилтан зэрэг  нийт 486 хүн, 106 автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.


Үүнээс гадна наймдугаар сарын 10-ны 17 цагийн үед төмөр замын Номт-Шаргын овоо өртөө зөрлөгийн хооронд цаг орчим үргэлжлэн орсон хүчтэй аадар борооны улмаас Номт-Цагаан хадын хоорондох замын 1011 км-т байрлах төмөр замын гүүр үерт автаж тулгуур дам нуруу 40 см суун нурж болзошгүй осол аваарийн байдал үүссэнийг төмөр замчид шуурхай илрүүлж төмөр замын хөдөлгөөнийг түр хаан засварлажээ. Үерийн ус төмөр замын гүүрийг давж урсан замын чигжээс чулууг урсган зайлуулж, замын суурь бүтцэд багагүй хэмжээний хохирол учруулсан байна. Зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс Замын Үүд-Улаанбаатарын чиглэлд аялж байсан 1345 зорчигчтой 275-р галт тэргийг тухайн өдрийн 20 цаг 26 минутад Цагаанхад зөрлөгт төмөр замын хөдөлгөөнийг нээтэл түр зогсоож саатуулжээ.

Гүүрийг сэргээн засварлах ажилд 150 төмөр замчин оролцож шөнөжин ажиллажээ. Одоогоор төмөр замын хөдөлгөөнийг яаралтай хэвийн үргэлжлүүлэх үүднээс эхний ээлжинд гүүрийн дам нуруунд түр зуурын бэхэлгээ хийгээд байна. Ингэж гүүрийг хүчжүүлж бэхэлгээ хийж сайтар туршсаны дараа наймдугаар сарын 11-ний өглөөний 04.40 цагт төмөр замын хөдөлгөөнийг нээжээ. Уг гүүрийн дам нурууг яаралтай шинээр сольж, тулгуур баганыг бэхжүүлэх ажлыг үргэлжлүүлэн хийх юм. Энэ ажлыг хийж гүүрийг бүрэн засварлаж дуустал суудлын болон ачааны галт тэрэг уг гүүрээр 5 км/цагийн хурдтай явж өнгөрөх захирамжийг өгчээ.
Б.Болд
 
 
 
 
 
Холбоотой мэдээ