Арвайхээр сум брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдээ шалгарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-08 20:42:58

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын “Брэнд бүтээгдэхүүн” шалгаруулах болзолт уралдааныг 2015 оны 2 дугаар сард зарлаж, 12 дугаар сарын 4,5-ны өдрүүдэд дүгнэлээ.

Энэ үеэр брэнд бүтээгдэхүүний уралдаанд оролцсон шилдэг бүтээгдэхүүнээр "Арвайхээрт үйлдвэрлэв" үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан бөгөөд 27 иргэн, аж ахуйн нэгж оролцож 1.1 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна.

Арвайхээр сумын "Хүнсний үйлдвэрийн салбарын брэнд бүтээгдэхүүн" үйлдвэрлэгчээр “Алтан өргөө” талх, нарийн боовны цех, "Бэлэг дурсгалын брэнд бүтээгдэхүүн" үйлдвэрлэгчээр 10 дугаар багийн иргэн С.Төмөрбаатар, "Хөнгөн үйлдвэрийн салбарын брэнд бүтээгдэхүүн" үйлдвэрлэгчээр 3 дугаар багийн иргэн гуталчин Д.Аюуш, "Брэнд бүтээгдэхүүний цомог" үйлдвэрлэгчээр Чамин угалз ХХК тус тус шалгарсан юм.

Уг арга хэмжээ нь Арвайхээр сумаас 2015 онд зарласан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд  орон нутгийн төсвөөс нэг сая төгрөг зарцуулжээ.

Арвайхээр сумын ИТХ, Засаг даргаас 2013-2015 оны турш хоршоо байгуулах санал, санаачилгыг дэмжин ажилласан бөгөөд газар тариалан, сүү сүүн бүтээгдэхүүн боловсруулах 45 хоршоо шинээр байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна.

Арьс шир, ноос, ноолуурт анхан шатны боловсруулалт хийх, эсгийний үйлдвэрлэл эрхлэх чиглэлээр хоршоо байгуулсан гурван аж ахуйн нэгж, 1 иргэнд 47сая төгрөгийг олгосны зэрэгцээ малчны нэг бүлэг, 2 бүл, 5 нөхөрлөлийн үйл ажиллагааг хөнгөлөлттэй зээлээр дэмжсэн байна.

2015 онд сумын Засаг даргын захирамжаар Сум хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтөөс 39 иргэн, 5  аж ахуйн нэгж, байгууллагад 188,5 сая төгрөгний хөнгөлөлттэй зээл олгожээ. Үүний үр дүнд 9 ажлын байр үйл ажиллагаагаа сайжруулан 41 ажлын байр шинээр нэмэгдсэн болохыг Арвайхээр сумын Засаг дарга А.Ишдорж хэлэв.

Б.Батчимэг

 

Холбоотой мэдээ