Газрын харилцааны ухаалаг шинэ систем нэвтрүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-08-17 14:51:46
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн санг өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлж, засварлан, улсын кадастрын нэгдсэн мэдээллийн системд холбож, үйлчилгээг нэвтрүүлэх төсөл хэрэгжихээр боллоо.

Энэхүү төсөл нь улсын хэмжээнд газар, үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэл, кадастрын зураглал, цахим архив, газрын нэгдмэл сангийн тоо бүртгэлийг агуулсан салбар хоорондын мэдээлэл солилцооны уялдааг хангасан Газрын кадастрын мэдээллийн системийг байгуулж, газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн баталгааг иргэдэд нээлттэй цахим үйлчилгээ үзүүлэх зорилготой.

“Тус төсөл хэрэгжсэнээр иргэн аж ахуйн нэгж байгууллагуудад газартай холбоотой үзүүлж буй үйлчилгээг цахимаар дамжуулан нээлттэй ил тод хүргэх боломж бүрдээд зогсохгүй цаг хугацаа орон зайнаас үүссэн үйлчилгээний хоцрогдол арилах бүрэн боломжтой болох юм”  хэмээн Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү онцлов.

Мөн энэхүү системийг нэвтрүүлснээр улсын хэмжээний мэдээллийн санг бусад байгууллагын мэдээллийн сантай холбож, иргэн аж ахуйн нэгжүүд газрын төлбөр, татварын төлөлтийг цахим болон гар утас ашиглан төлөх, нотариат банк санхүүгийн байгууллага болон бусад эрх бүхий байгууллагуудтай шуурхай мэдээлэл солилцоно.

Тус төслийг 2019 оны 12 дугаар сард хэрэгжүүлж дуусгахаар төлөвсөн байна.
Дашрамд хэлэхэд, төслийн нээлтийн арга хэмжээнд БХБ-ын сайд Х.Баделхан, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү, Нийслэлийн засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын асуудал хариуцсан орлогч дарга П.Баярхүү нар оролцож, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, тууз хайчлав.
У.Түвшинбаяр
Холбоотой мэдээ