Эрж хайсан охиныг эсэн мэнд олж, хулгайлсан гэх этгээдийг шалгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-08-22 12:51:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Дархан-Уул аймгийн Дархан сумын гуравдугаар багийн “Ширээ нурууны нутаг” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 5 км-т/ тус сумын харьяат Э гэх таван настай охин 2018 оны  наймдугаар сарын 19-ний өдөр 16:00 цагийн үед гэрээсээ гараад сураггүй болсон. Охиныг “Хараа” голын усанд живсэн байж болзошгүй тухай дуудлага орон нутгийн Онцгой байдлын албанд ирсний дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн зургаан алба хаагч, цагдаагийн байгууллагын 82 алба хаагч, орон нутгийн 24 иргэн, нийт 112 хүн, 11 техник хэрэгсэлтэйгээр тус багийн  нутаг дэвсгэрт хайсан ч охиныг олоогүй байв.
Харин охин усанд живээгүй бусдын гарт хулгайлагдсан байсныг цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүллээ. Охиныг Хан-Уул дүүрэгт оршин суух хаягтай эрхэлсэн тодорхой ажилгүй 37 настай эмэгтэй Б гэгч хулгайлан Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны дэвсгэрт явж байхад нь өчигдөр Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид илрүүлэн баривчилсан байна. Охиныг ар гэрт нь эсэн мэнд хүлээлгэн өгч, хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна. Мөн охины биеийн байдал хэвийн  гадна харагдах гэмтэл шарх, байхгүй байна гэж цагдаагийн газраас мэдээллээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ