АНУ Хятадын бараа бүтээгдэхүүнд дахин татвар ногдууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.gov.mn
2018-08-23 09:16:21
twitter.com/Nyamkanmk
ВАШИНГТОН. /ВВС/. АНУ болон БНХАУ харилцан нийлүүлдэг 16 тэрбум долларын үнэ бүхий бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулахаар болжээ.

Үүний дараагаар хоёр тал одоогийн байдлаар татваргүй байгаа 50 тэрбум долларын үнэ бүхий бараа бүтээгдэхүүнд мөн харилцан татвар ногдуулахаар төлөвлөсөн байна.

Дэлхийн хамгийн том эдийн засаг болох АНУ, БНХАУ-ын хооронд долдугаар сараас хойш үүсээд буй энэ худалдааны дайны улмаас тус хоёр улсын олон компани болон бусад орнууд ихээхэн хохирол амсч байна. БНХАУ-ын албаны хүмүүс энэ асуудлаар хэлэлцээ хийхээр Вашингтон хотод ирсэн энэ үед татвар ногдуулах арга хэмжээ хүчин төгөлдөр болсон байна.

БНХАУ-аас импортолдог 16 тэрбум долларын бараа бүтээгдэхүүнд ногдуулах татвар Бээжингийн цагаар пүрэв гарагийн 12 цагт хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ. Энэ арга хэмжээний хүрээнд БНХАУ-ын химийн бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, мотоцикл болон антен гээд 280 гаруй бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулах ажээ.

БНХАУ үүний хариуд АНУ-аас импортолдог 16 тэрбум долларын үнэ бүхий нүүрс, эмнэлгийн хэрэгсэл, машин, автобус зэрэг бараа бүтээгдэхүүнд мөн адил 25 хувийн татвар ногдуулахаар болсон байна.
 
Д.Нямтулга
Холбоотой мэдээ