“Эрдэнэтийн ДЦС” жилд 7.5 тэрбум төгрөгийн ашигтай ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-12-09 14:00:21

 “Эрдэнэтийн ДЦС” ТӨХК-ийн хүчин чадлыг СС-50 МВт-ын турбогенератороор өргөтгөх, зарим тоног төхөөрөмжийг шинэчлэх төслийн ажлыг гүйцэтгүүлэхээр ЭХЯ, “Hunan Industrial Equipment Installation” компанитай өнөөдөр гэрээ байгууллаа.

Гэрээнд ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, “Hunan Industrial Equipment Installation” компанийн Ерөнхий менежер Ли Зен Лай нар гарын үсэг зурав.

Дээрх ажлыг 53.8 сая ам.долларын хөрөнгөөр 365 хоногт багтаан барьж гүйцэтгэх юм байна. Төслийн хөрөнгө оруулалтын 85 хувийг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд, 15 хувийг Хөгжлийн банкнаас  санхүүжүүлэх аж.

Өргөтгөлийн хүрээнд СС-50 турбогенератор шинээр суурилуулж, хими ус цэвэрлэгээний тоног төхөөрөмжийг шинэчилж, эсрэг осмосын технологид шилжүүлэх, сүлжээний групп бойлер шинээр суурилуулах, хөргөх цамхаг шинээр барих, 3 км агаарын шугам, ил, далд хуваарилах байгууламж, трансформатор, цахилгаан удирдлага, хамгаалалт, автоматикийн хамт суурилуулах юм байна.

Төсөл хэрэгжсэнээр Эрдэнэтийн дулааны станцын цахилгаан эрчим хүчний боловсруулалт 2,5 - 3,0 дахин нэмэгдэж, ОХУ-аас авч байгаа импортын хэмжээг бууруулах, улмаар эрчим хүчний салбарын алдагдалд эерэгээр нөлөөлөх томоохон бүтээн байгуулалт болно гэдгийг ЭХЯ-ны  Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт онцлов.

Түүнчлэн өргөтгөлийн ажлыг хийснээр Эрдэнэтийн станцын цахилгаан эрчим хүчний өөрийн өртөг 41.3 төгрөгөөр буурч 67.5 төгрөг болох, тус цахилгаан станц жилд 7.5 тэрбум төгрөгийн ашигтай ажиллах гэнэ. Анхны хөрөнгө оруулалтаа 7.5 жилд нөхснөөр 100 гаруй мянган хүн амтай Эрдэнэт хотын дулааны эрчим хүчний хэрэглээг ойрын 30 жилд бүрэн хангах нөхцөл бүрдэх юм байна.

 Б.Заяа

Холбоотой мэдээ