АТГ томоохон хэргүүдийг шүүхэд шилжүүлэхээр болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-08-27 15:39:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/.АТГ-аас өгсөн  энэ сарын уламжлалт мэдээллийг АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Мөрдөн шалгах хэлтсийн дарга,  эрхэлсэн  комиссар Э.Идэрцог нар  яам ,тамгын газар, орон нутгийн зарим удирдлагатай холбоотой хэргээс мэдээлснийг тоймлоё.
Авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн байгууллага, албан тушаалтны хүлээх үүргийг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль болон Авлигын эсрэг хуулийн зургадугаар зүйлд тодорхой зааж өгсөн байдаг. Гэвч төрийн байгууллага, албан тушаалтнууд авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хангалтгүй ажиллаж байна.ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл хүүгийнхээ найзыг хэлтсийн даргаар томилсон, Эрчим хүчний салбарынхан гэр бүл, хамаатнаа гэрээнд оролцуулсан байна. Тухайлбал, Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн дарга Э.Цэнд, Увс аймгийн Малчин сумын Эрүүл мэндийн төвийн дарга Э.Цэрэнхүү нар  ашиг сонирхлын зөрчил гаргасан байж болзошгүй. Ирэх есдүгээр сард бодит нөхцөл байдлын талаар холбогдох яам, агентлагт нь болон олон нийтэд нээлттэй мэдээлнэ. АТГ-аас өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогыг үнэн зөв мэдүүлэх үүргээ биелүүлээгүй Сэлэнгэ аймгийн Автотээврийн төвийн дарга Ж.Батцогтод сануулах, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаяр, мөн аймгийн Баяндалай сумын Засаг дарга Л.Батбаатар нарт албан тушаал бууруулах, цалин хасах сахилгын шийтгэлийг тус тус ногдуулсан. Мөн дээр дурдсан үүргийг удаа дараа биелүүлээгүй Төв аймгийн Сэргэлэн сумын дунд сургуулийн захирал И.Отгон-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ« ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Нямсамбуу нь өөрийн хамаарал бүхий хүнийг ажилд авахдаа хуульд заасан мэдэгдэл тайлбар гаргах үүргээ биелүүлээгүй тул тус компанийн  төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор сануулах сахилгын шийтгэл тооцжээ. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 32 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Л.Алтанцэцэг нь хамаатан саднаа ажилд томилсон нь тогтоогдсон тул Нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалаар цалингийн хэмжээг бууруулах сахилгын шийтгэл ногдуулав. Мөрдөн шалгах хэлтсээс  шинээр нээсэн хэргийн талаар товч мэдээлэл өглөө.Ашигт малтмал, газрын тосны газрын эрх бүхий албан тушаалтнууд нь ААН-үүдэд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийг зөрчин албан эрх мэдлээ хэтрүүлсэн байж болзошгүй гэж АТГ-аас шалгажээ. Зэвсэгт хүчний дугаар ангийн санхүүгийн дарга, нягтлан бодогч, нярав зэрэг албан тушаалтнууд нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ахлагч, ажилчдад олгох цалингийн дүнг сар бүр тодорхой тоогоор нэмэгдүүлж түүнийгээ нягтлан бодогч, нярав нарын дансанд шилжүүлэн завшиж улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргийг шалгаж байна. Түүнчлэн Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын удирдах албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан хандив нэрээр компаниудаас бэлэн мөнгө авч хууль бусаар зарцуулсан асуудалд шинээр хэрэг үүсгэжээ. Ховд аймгийн нэр бүхий удирдах албан тушаалтнууд гар аргаар алт олборлогч иргэдийн сүйтгэсэн газарт  нэр бүхий иргэдэд  нөхөн сэргээлтийн эрх авч өгнө гэж амлан хахууль авсан, мөн аймгийн хурлаар төсөв батлуулалгүй орон нутгийн хөгжлийн сангийн 70 сая төгрөгийг хууль бусаар зарцуулсан хэрэгт хэрэг үүсгэжээ. “МИАТ” ТӨХК-ийн удирдах албан тушаалтнууд нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлсэн. УИХ-ын гишүүний зөвлөхөөр ажиллаж байсан Т нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсын төсвийн хөрөнгөөр 2011, 2012 онд санхүүжигдэх ажил үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт өөрийн хамаарал бүхий компаниудын нэр дээр тендерийн бичиг баримт бүрдүүлэн тендерт оролцож, үнэлгээний хорооны гишүүдэд нөлөөлж,  улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүлэхээр болжээ. Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн улсын байцаагч нар нь авто замын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор их хэмжээний бараа тээвэрлэсэн дугаар бүхий тээврийн хэрэгслүүдийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналыг прокурорт тус тус шилжүүлээд байна. Энэ мэт олон том хэргийг АТГ шалгаж байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ