Сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Энэ сарын 26-ны өдрийн 03:00-06:00 цагийн хооронд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сум, Улаан сайр багийн “Цагаан сайрын булан” гэдэг газар (аймгийн төвөөс баруун зүгт 150 км-т, сумын төвөөс хойд зүгт 53 км-т) Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харъяат, иргэн Б (49 настай, эрэгтэй) сураггүй алга болж, усанд живсэн байж болзошгүй дуудлага тухайн өдрийн 14:15 цагт тус аймгийн Онцгой байдлын албанд ирсэн байна.
Дуудлагын дагуу Баянхонгор аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашин, сумын нутгийн захиргааны байгууллагын 5 алба хаагч, 1 автомашин, нийт 11 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр "ХОТУ" ХХК-ийн алтны уурхай, "Цагаан сайрын гарам"-аас голын эрэг дагуу 2 км-ын тойрогт эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан байна. Орой болж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 23:00 цагт эрлийн ажиллагааг зогсоон, 8 дугаар сарын 27-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлээд байна.
Ж.Батсайхан