Аймаг төсвийн орлогоо 108 хувиар давуулан биелүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-08-31 09:56:52
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймаг улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулан тооцсоноор 2018 оны эхний 7 сард аймгийн төсөвт 13336,0 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 14448,7 сая төгрөгийн орлого оруулж төлөвлөгөөг 108,3 хувиар биелүүлсэн байна.

Улсын төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулахгүйгээр аймаг өөрөө 3432,9 сая төгрөгийн орлого бүрдүүлэхээс 4545,7 сая төгрөгийн орлогыг төвлөрүүлж, төлөвлөгөөг 132,4 хувиар  биелүүлжээ. Төсвийн орлогын төлөвлөгөөг Төвшрүүлэх сумаас бусад бүх сумд 117,2 хувиас 6,6 дахин биелүүлсэн байна. Орлогын ойгоос хэрэглээний мод түлээ ашигласны төлбөр, түгээмэл тархацтай байгалийн баялаг ашигласны төлбөр, бууны татвар, газрын төлбөрөөс бусад нэрийн орлогуудыг 108,1 хувиас 6,6 дахин биелүүлжээ.

Аймгийн төсвийн орлогын 68,5 хувийг тусламжийн орлогоор, 18,6 хувийг орлогын албан татвараар, 1,2 хувийг өмчийн татвараар, 1,9 хувийг тусгай зориулалтын орлогоор /АТӨЯХэрэгслийн/, 4,5 хувийг бусад албан татвараар, 3,0 хувийг татварын бус орлогоор, 2,3 хувийг хөрөнгийн орлогоор бүрдүүлж байна.

Улсын төвлөрсөн төсөвт аж ахуй нэгжийн орлогын татвараар 152,7 сая төгрөгийг, нэмэгдсэн өртгийн албан татвараар 610,4 сая төгрөгийг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр 200,8 сая төгрөгийг, агаарын бохирдлын төлбөрөөр 24,4 сая төгрөгийг бүгд 988,3 сая төгрөгийг шилжүүлж, даалгаврыг 2,3 дахин давуулан биелүүлжээ.
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ