Владимир Путинтай нухацтай яриа хэлэлцээ хийх бодолтой байна

Дэлхийд | Улс төр
172@montsame.mn
2018-09-02 12:26:32
ТОКИО. /ТАСС/. Энэ оны есдүгээр сарын 11-13-нд Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай нухацтай яриа хэлэлцээ хийх бодолтой байна гэж Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Sankei сонинд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
 
“Япон улсын умард нутаг дэвсгэрийн бүрэлдэхүүнд багтдаг дөрвөн арлын харьяаллын асуудлыг шийдвэрлэж, энхийн гэрээнд гарын үсэг зурахыг би хүсэж байна” гэж Шинзо Абэ тэмдэглэсэн байна. Sankei сонинд тэмдэглэснээр, энэ нь Путин болон Абэ нарын 22 дахь уулзалт болох юм.
 
Дэлхийн хоёрдугаар дайны үр дүнгээр энхийн гэрээ боловсруулах зөвлөлдөөнийг Орос, Япон хоёр өнгөрсөн зууны дунд үеэс эхлэн завсарлагтайгаар боловсруулсаар ирсэн юм. Энхийн гэрээ байгуулахад саад болж буй гол шалтгаан нь дайны үр дүнд ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд орсон Итуруп, Кунашир, Шикотан зэрэг өмнөд Курилын дөрвөн арлын харьяаллын асуудал юм. Япон улс эдгээр арлыг өөрийн нутгийн нэг хэсэг хэмээн үздэг. Харин ОХУ-ын гадаад хэргийн яам эдгээр арлыг олон улсын эрх зүйн зохих баримт бичгийн дагуу маргаангүй Орост харьяалагдана гэж удаа дараа мэдэгдэж байгаа билээ.
 
Лу.Батбаяр
Холбоотой мэдээ