Зарим багш нарын төлөөлөл мэргэжил нэгтнүүдийнхээ ажил хаялтыг эсэргүүцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
dogsom@montsame.mn
2018-09-04 16:13:46
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Багш нар хичээлийн шинэ жилийн эхний өдрөөс ажлаа хаяж байгааг эсэргүүцэж  Монгол ньюс мэдээллийн төвд зарим багш нарын төлөөлөл сэтгүүлчдэд хандлаа.
Нийгэм судлалын багш М.Лхавга “Ажил хаялт тэмцлийн арга биш. Зуны гурван сар амарч амарч ирчихээд яг хүүхдүүдийн хичээл эхлэх үеэр ажил хаяж байгааг эсэргүүцэж байна. Хүүхдүүд хичээлдээ явах гэж, найз нөхөдтэйгөө уулзах гэж догдолж хүсэн хүлээсэн өдөр нь ирсэн. Багш нар ажил хаяснаар хүүхдүүд л хохирно. Ажил хаялт нь цаг үеэ олсон уу. Багш нар цалингаа нэмэх шаардлага тавьж байгаа нь зөв ч илэрхийлж буй арга нь буруу. Цалингаа голж ажлаа хийхгүй байгаа багш нарын оронд багшлах хүсэл сонирхолтой ажилгүй олон багш нар бий шүү" гэв.
Бага ангийн багш Б.Уранчимэг “Би 10 гаруй жил багшилсан. 2014 оноос хойш хүүхэд төрүүлээд одоог хүртэл ажлаа хийж чадаагүй байгаа. Ажилгүй багш нарын группт 140 гаруй багш нэгдсэн байдаг. Бид ярилцаж шийдээд өнөөдрийн хурлыг хийж байна. Эхлээд хүүхдээ бодоцгооё. Ажил хийх хүсэл сонирхолтой олон багш  бий шүү. Та бүхний голоод байгаа цалинг аваад ажиллахад бэлэн" гэсэн бол эцэг эхийн төлөөлөл Э.Тунгалаг “Хүүхдийн эрх ашгийг зөрчсөн багш нарын ажил хаялт буруу. Манай хүүхдүүд 77, 78 дугаар сургуульд сурдаг. Сургууль нь одоогоор ажил хаяагүй ч хаяна гэсэн яриа гарч байна. Багш нар эхлээд сурагчдаа бодох хэрэгтэй. Зарим сургуулиуд ажлаа хаяагүй хичээл хэвийн үргэлжилж байгаа шүү дээ" гэлээ.

Б.Янжиндулам
Холбоотой мэдээ