Цахилгааны хөнгөлөлт эдлэхийн тулд тарифт тоолуурт шилжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2015-12-09 18:15:14

Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах хүрээнд төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд холбогдсон гэр хорооллын 280 мянга гаруй айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг хөнгөлөхөөр шийдвэрлэсэн. Уг хөнгөлөлтийг эдлэхийн тулд энгийн тоолууртай хэрэглэгчид тарифт тоолуурт шилжихийг УБЦТС ТӨХК-аас мэдэгдлээ.

УБЦТС ТӨХК-ийн үйлчилгээний хүрээнд гэр хорооллын 143 мянган айл өрх хамрагддагаас 124 мянга нь өдөр, шөнийн тарифт тоолууртай байна. Хөнгөлөлт тооцогдох боломжтой өдөр шөнийн тарифт тоолуурыг нийслэлийн харьяа гэр хорооллын айл өрхүүд баталгаат тоолуур худалдах эрх бүхий барилгын материалын дэлгүүрээс болон УБЦТС ТӨХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төв, Тоолуурын лабораториос худалдан авах боломжтой.

Ингэснээр Улаанбаатар хот, 15 аймгийн гэр хорооллын айл өрхүүд энэ сараас эхлэн ирэх оны 1, 2, 3 дугаар сарыг дуусталх хугацаанд 21-6 цаг хүртэл хэрэглэсэн цахилгаан эрчим хүчийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр буюу нэг килоВатт цагийг 38.55 төгрөгөөр тооцуулах юм.

УБЦТС ТӨХК нь төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд холбогдсон дийлэнх хэрэглэгчдэд буюу нийслэл, Төв аймгийн 16 сумын иргэдийг цахилгаан эрчим хүчээр хангаж, холбогдох үйлчилгээг үзүүлдэг. Тус компани нь хөнгөлөлт олгох тухай шийдвэрийг цахилгаан эрчим хүчний борлуулалтын дөрөвдүгээр циклээс буюу 12 дугаар сарын 16-ны өдрөөс хэрэгжүүлж эхлэхээр бэлтгэл ажлаа хангаад байна. Хөнгөлөлтийг бүх айл өрхүүд ижил хугацаанд хамрагдаж дуусах хугацаа ирэх оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөр дуусгавар болно.

Товчхон хэлэхэд гэр хорооллын хэрэглэгчид өмнөх жилүүдийнх шиг гэрээ байгуулах шаардлагагүйгээр дөрвөн сарын турш 50 хувийн хөнгөлөлттэй үнээр шөнийн цагаар цахилгаан халаагуур ашиглан халаалтаа шийдэх боломжтой боллоо.

Б.Туул

 

Холбоотой мэдээ