Монгол, БНХАУ-ын хэвлэл мэдээллийн есдүгээр форум Өмнөговь аймагт эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн есдүгээр форум Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотод өнөөдөр эхэллээ. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү форум энэ удаад Монгол Улсад болж буй бөгөөд нийт 160 гаруй төлөөлөгч оролцож байна.
Форумыг нээж МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр үг хэлсний дараа, Төрийн хан хуурч Ц.Цэрэндорж, морин хуур эгшиглүүллээ. Мөн форумын нээлтэд УИХ-ын гишүүн гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны байнгын хорооны гишүүн, Суртал ухуулгын хэлтсийн дарга Бай Юйган нар үг хэлсэн юм.

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн есдүгээр форумд оролцогчдод хандан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлт, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар мэндчилгээ ирүүлжээ.
МСНЭ болон Өмнөговь аймгаас хамтран зохион байгуулж байгаа энэ удаагийн форумд УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, Даланзадгад хотын захирагч Т.Алтансүх зэрэг төлөөлөгч урилгаар оролцож буй бөгөөд Монголын Хэвлэл мэдээллийн салбарын 110 гаруй сэтгүүлч, төлөөлөгчид хүрэлцэн ирээд байна. Мөн БНХАУ-ын талаас ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны байнгын хорооны гишүүн, Суртал ухуулгын хэлтсийн дарга Бай Юйган, Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны удирдлагууд болон тус орны хэвлэл мэдээллийн салбарын 40 гаруй төлөөлөгч оролцож байна.

2013 онд Бээжин хотноо Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нарын байгуулсан гэрээнд "Талууд Монгол, Хятадын форумыг жил бүр ээлжлэн зохион байгуулна” гэж заасан. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар 2015 онд Улаанбаатарт гарын үсэг зурсан тунхаглалд хоёр улсын хэвлэл мэдээллийн харилцан солилцоог улам идэвхжүүлэх, зөвлөлдөх уулзалт, форум зэрэг хамтын ажиллагааг тогтмол зохион байгуулна гэж заасны дагуу Монгол Хятадын хэвлэл мэдээллийн форумыг хоёр тал ээлжлэн зохион байгуулсаар ирсэн юм. Тэгвэл энэ онд Монголд зохион байгуулагдах Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн есдүгээр форумыг Өмнөговь аймагт зохион байгуулахаар шийдвэрлэж, МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр гуравдугаар сарын 17-ны өдөр, тус аймгийн Засаг дарга Н.Наранбаатартай санамж бичиг байгуулсан юм.
Д.Мишигсүрэн